АН-ын даргын сонгууль өнөөдрөөс эхэлж байна

2020-07-6 Нам хөдөлгөөний амьдрал

Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус намын X их хурлыг 2020 оны наймдугаар сарын 23-нд зарлан хуралдуулах болсныг намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаад буй С.Эрдэнэ мэдэгдлээ. Уг их хурлаар АН-ын шинээр сонгогдсон даргыг батламжлах ажээ.

Мөн АН-ын Үндсэн дүрмийн хорооноос С.Эрдэнийн чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Ийнхүү шинэ даргыг сонгох ажиллагаа эхэлсэн байна.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга н.Мөнхжаргал “АН-ын дарга Үндсэн дүрмийн хороонд хүсэлт гаргаж, түүнийг нь Үндсэн дүрмийн хороо хүлээн авснаар АН-ын даргын орон гарсан гэж үзэн, сонгууль товлон зарлаж байна.

2020 оны долоодугаар сарын 6-9-ний хооронд шинээр намын даргад өрсөлдөх хүмүүсийг бүртгэнэ.

Долоодугаар сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдана.

Наймдугаар сарын 16-нд намын даргын сонгуулийн санал хураалт болно. Энэ сонгуульд АН-д бүртгэлтэй 200 мянган гишүүн саналаа өгөх эрхтэй. Мөн намын даргын сонгуульд өрсөлдөгчөөс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй” гэлээ.

АН-ын дарга асан С.Эрдэнэ “Өнөөдрөөс АН-ын даргын сонгуулийн сунгаа эхэлж байна. Энэ сонгуульд АН-ын дүрмийн шаардлага хангасан бүх хүн нэр дэвших эрхтэй.

Өнөөдрийн хувьд намд хамааралгүй гадна, дотны хүмүүсийн дүрмийн бус үйлдэл гарч байгааг хэлэх хэрэгтэй. АН-ын дотоод үйл ажиллагаанд эрээ цээргүй оролцож, намын удирдлагыг дүрмийн бус аргаар авахаар санаархаж байгаа аливаа этгээдэд хатуу сануулж хэлэхэд тийм боломж байхгүй” гэв.

<

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.