ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2017 онд болох хөлбөмбөгийн Конфедерацийн цомын тэмцээн болон 2018 оны ДАШТ-ий үеэр авах аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгах тухай зарлиг гаргалаа.
Зарлигт дурдсанаар, спорттой холбоогүй жагсаал цуглаан болон бусад арга хэмжээг Холбооны аюулгүй байдлын алба болон орон нутгийн эрх баригчдын тогтоож өгсөн газарт, тодорхой цагт зохион байгуулах ажээ. Түүнээс гадна түр оршин суугчдыг бүртгэх журмыг өөрчилж, тухайн хотод ирсэн хүн гурав хоногийн дотор бүртгүүлэх ёстой болж байна.
Эдгээр журмыг 2017 оны зургаадугаар сарын 1-нээс долоодугаар сарын 12-нд Москва, Санкт-Петербург, Татарстан болон Краснодарын хязгаарт болох Конфедерацийн цомын тэмцээний үеэр мөрдөх юм. Түүнчлэн 2018 оны тавдугаар сарын 25-наас долоодугаар сарын 25-ныг хүртэл явагдах хөлбөмбөгийн ДАШТ-ийн үеэр мөрдөх юм.
Харин аюулгүй байдлыг хангах чангатгасан арга хэмжээ авсан хугацаанд Москва болон бусад хэд хэдэн хотод дор хаяж нэг удаа олныг хамарсан жагсаал цуглаан болно гэдгийг сөрөг хүчний удирдагч Алексей Навальный мэдэгджээ. Тэрбээр эсэргүүцлийн ажиллагааг зургаадугаар сарын 12-нд зохион байгуулахаар товложээ.
Навальныйгийн штабын ахлагч Леонид Волков энэ жагсаалыг хойшлуулах бодолгүй байгаагаа мэдэгдсэн юм. Гэхдээ жагсаалд Навальный оролцох эсэх тухай асуултад тэрбээр хариулсангүй.
Г.Пүрэвсүрэн
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.