Умард Солонгос өмнөд Солонгос руу хил давуулан суртал ухуулгын материал илгээнэ

2020-06-21 Ертөнц

Умард Солонгосын тал Өмнөд Солонгосын хилийг давуулан суртал ухуулгын материал илгээхээр бэлдэж байгаагаа өчигдөр зарлажээ.

Үүнийгээ Өмнөдийн ёс суртахуунгүй байдалд уурсаж бухимдсан ард түмний шаардлагаар хийж буй үйлдэл гэж Пёньяны төв хэвлэлд тайлбарласан байна. Хэвлэлийн мэдээнд их хэмжээний материалыг ангилан ялгаж байгаа ажилчдын зургийг үзүүлжээ.

Өмнөдөд дүрвэж гарсан Умардын иргэд Пёньяны дэглэмийн эсрэг суртал ухуулгын материалыг агаарын бөмбөлөгт зүүж, хил давуулдаг нь сүүлийн өдрүүдэд хоёр Солонгосын харилцааг муутгах гол шалтгаан болоод байгаа билээ.

Тэгвэл Пёньяны эрх баригчид адил аргаар хариу арга хэмжээ авахаар шийдсэн байна.

Умард Солонгосын төв мэдээллийн агентлагаас тараасан зурагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг доромжилсон зураг дээр тамхины ишнүүд хаясан байгааг үзүүлсэн байна.

Сөүлийн эрх баригчид дээрх мэдээг тарсны дараа эсэргүүцэл илэрхийлж, төлөвлөгөөгөө цуцлахыг Умардын талд уриалжээ.

Өмнөд Солонгосын арми өмнө нь хилийн дагуу суртал ухуулгын ажиллагаа явуулдаг байснаа 2010 онд зогсоосон юм. Тэр цагаас хойш ийм ажиллагааг Умард Солонгосын дүрвэгчдийн байгууллагууд явуулах болсон байна.

2018 оноос хоёр Солонгосын харилцаа сайжрах эхлэл тавигдсан ч сүүлийн үед дахин муудаад байна. Өнгөрсөн Мягмар гарагт Умард Солонгосын тал өөрийн нутагт байрладаг хоёр Солонгосын хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг дэлбэлсэн юм.

Эх сурвалж: Yonhap News

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.