Олимпийн өдөр “Идэвхтэй, Хүчтэй, Эрүүл байя” уриан дор цахим хэлбэрээр өрнөнө

2020-06-21 Ертөнц

Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ анх 1894 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Францын соён гэгээрүүлэгч Пьер де Кубертен тэргүүтэй соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдийн санаачилгаар байгуулагдсан түүхтэй. Орчин үеийн Олимпийн хөдөлгөөн үүссэн энэхүү өдрийг жил бүр уламжлал болгон “Олимпийн өдөр” хэмээн тодотгож, дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Жил бүрийн Олимпийн өдрийг тохиолдуулан Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос төрийн байгуулагууд, спорт холбоод болон аймаг, дүүргийн олимпийн зөвлөлүүдтэй хамтран олон нийт, хүүхэд багачуудад чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн Олимпийн өдөр нь цар тахлыг хамтдаа хичээж даван туулахыг зорин, “Идэвхтэй, Хүчтэй, Эрүүл байя” уриан дор цахим хэлбэрээр өрнөх юм.

МҮОХ-ноос зургаадугаар сарын 23-ны өдөр Олимпийн медальтантай уулзах уулзалт, олимпийн боловсролын хичээл зэрэг цахим арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.