АНУ-ын Миннесато муж онц байдал зарлалаа

2020-05-29 Ертөнц
АНУ-ын Миннесато муж онц байдал зарлалаа

АНУ-ын Минниесота мужид даваа гаригт /2020.05.25/ цагаан арьст цагдаагийн дээрэнгүй үйлдлээс болж өнгөт арьст Жорж Флоид хэмээх эр харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ.

Хэргийн газарт дуудлагаар ирсэн цагдаа нар гартаа ямар ч зэвсэггүй Флоидыг сэжигтнээр баривчлахдаа гарыг нь гавлаж, газар хэвтүүлээд хүзүүн дээр нь хэдэн минутын турш өвдөглөн суусан юм. Флоид амьсгалж чадахгүй байна гэдгээ удаа дараа хэлсэн ч цагаан арьст цагдаа түүнийг үл хайхран өвдөглөсөөр байсан юм. Ингээд Флоидыг эмнэлэгт хүргэсэн ч тэр удалгүй амьсгал хураасан байна.

Тухайн баривчилгааны үеэр ажилласан дөрвөн цагдааг удирдлагууд нь ажлаас нь халах арга хэмжээ авсан ч иргэдийн хувьд тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Флоидын гэр бүлийнхэн ч мөн цагдаа нарт хүн амины хэрэг үүсгэн шалгахыг шаарджээ.

Дээрх үйл явдлыг гар утсан дээр бичсэн гэрчийн бичлэг цахим сүлжээнд тарахад цагаан арьст цагдаагийн харгис үйлдлийг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөн тус мужид өрнөж эхэлсэн юм.

Жагсаал цуглаан эхэндээ тайван замаар үргэлжилж байсан ч удалгүй эмх замбараагүй байдал үүсч, жагсагчид дээрэм тонуул хийж олон нийтийн болон хувийн өмчүүдийг эвдэн сүйтгэж, галдан шатааж эхэлжээ.

Ийнхүү нөхцөл байдал хүндэрсэн тул Миннесота мужийн захирагч Тим Уолц онц байдал зарлах шийдвэрийг гаргасан байна. Онц байдал зарласны дагуу Үндэсний Гвардын цэргүүдийг тус мужид байрлуулж эхэлжээ. Мөн цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хэрэглэж байна.

“Флоидын үхэл биднээс илүү шударга, ёс зүйтэй тогтолцоог шаардсан сануулга болсон болохоос хүчирхийлэл, бусдын өмчиг эвдэн сүйтгэх замаар асуудлыг шийдэх ёсгүй” хэмээн мужиийн эрх баригчдын мэдэгдэлд дурджээ.

Миннесато мужаас гадна Чикаго, Иллинойс, Лос Анжелес, Калифорния, Теннесси зэрэг газруудад эсэргүүцлийн жагсаал өрнөжээ.

Эх сурвалж: BBC

<

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.