Онон нэртэй хөхөө шувуу алсын аяллын дээд амжилтыг тогтоожээ

2020-05-28 Ертөнц

Эх газарт амьдардаг шувуудын хамгийн хол нүүдэллэсэн дээд амжилтыг Монголын хөхөө тогтоосон тухай судлаачид мэдээлсэн байна. 


Монголын эрдэмтэд болон Британийн British Trust for Ornithology (BTO) байгууллагын хамтарсан “Mongolia Cuckoo Project” төслийн хүрээнд өмнөд Африкийн Замби улсад өвөлжсөн таван хөхөө шувууны нүүдлийн замыг  судалсан байна.

Газар зүйн байрлал тогтоогчтой таван хөхөөний дөрөв нь нүүдлийн замдаа үхсэн бол Онон нэртэй хөхөө Монголын нутагт эсэн мэнд ирж чаджээ.

Онон гуравдугаар сарын 20-нд Замбиас гарч, Энэтхэгийн далайг туулан 16 улсын нутгийг дайрахдаа нийт 12,000 орчим километр зам туулсан байна. Энэ нь эх газарт амьдардаг шувуудын хувьд одоогоор мэдэгдэж байгаа хамгийн хол аялал гэжээ.  Газарзүйн байрлал тогтоогчоос харахад, Онон далай дээгүүр зогсолтгүй 2,500 км замыг дунджаар 60 км/цаг хурдтай туулжээ.

Судалгаанд оролцсон бусад шувуудаас хамгийн хол аялсан нь Баян нэртэй хөхөө юм. Баян Замбиас гараад 10,000 км аялж, Хятадын Юнань мужид хүрээд өлсөж, туйлдсаны улмаас үхсэн гэж таамаглаж байна.

 

Хамгийн хол зайд зогсолтгүй ниссэн дээд амжилтыг 2007 онд Аляскаас Шинэ Зеландад 11,500 км зам туулж хүрсэн эмэгчин дэглий тогтоож байжээ.

Эх сурвалж: Daily Mail

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.