Д.Оюунхорол сайдыг “акурам”-даа нойрсох зуур…

2017-06-6 Байгаль орчин

Цуврал 01

-Булган аймгийн Бүрэгхангай сум, Туулын эргийн хамгаалалтын бүсэд уурхай ажиллаж байна-

Ажлын цагтай давхцан манай редакцад гар утсаар хийсэн бичлэгийг нэгэн иргэн учирлан авчирж өгсөн юм. Тодруулбал, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгаар урсдаг Туулын эргийн хамгаалалтын бүсэд хууль бусаар уурхай ажиллуулж, экосистемийг нь алдагдуулахад хүрчээ. 

“Загасыг барьсан ч дуугардаггүй, өвчсөн ч дуугардаггүй, шарсан ч дуу гардаггүй” ганц амьтан гэдэг. Үнэндээ Байгаль орчин, аялал жуулчлалын яам загас болчихоогүй байгаа даа. Бузар гартнууд төрөөс тамгалсан хамгаалалтын бүсийн  цэнгэг усыг шавраар үерлүүлж, улаанаар нь эргүүлж байх юм. Бүр ямар ч зөвшөөрөлгүйгээр уурхай ажиллуулж, Туул голын маань эргийг устай юутай нь ёстой л хүйс тэмтрэнэ гээч нь болж. Харахад л нүд хальтрам энэхүү дүр зургийг  Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгаар цагтаа жирэлзэн мяралзан урсдаг байсан Туулын эргийн хамгаалалтын бүсээс хараарай, Д.Оюунхорол сайд аа.

Уг нь төр засгаас эл нутаг усны энэхүү эрэг хавийг хамгаалалтын бүсээр гортиглож, хоточ банхараар нь тус яамыг залан оройн дээдэд нь Д.Оюунхорол авхайд жинс юуг нь атгуулсан байлтай. Гэвч салбарын яам нь загас болчихоод, хамгаалалтын бүсэд нь зоосны нүхээр ирээдүйг “цаазлах” харалган бодолтой хүмүүсийн үйлдлийг яагаад зогсоохгүй дүлий дүмбэ оргин сууна вэ? Эсвэл бүр огт мэдээлэлгүй, “акурам”-даа тайван нойрсоно уу…

Харин энэ зуур чинь уурхайн ланчиг Туул голын экосистемд хүчтэй нөлөөлөл үзүүлж буй нь лавтай. Энэхүү голоос ундаалах хүн малын эрүүл мэнд цаг минутаар хэмжигдэх эрсдэл үүсээд байна, эрхэм сайдтан минь. Мэлмий юугаа эл зүгт чилээж, хүнээр бол туйлдаж гүйцэж буй хамгаалалтын бүс дэх их мөрөнг минь аварч хамгаалахтун. Аливаа юманд хэмжээ хязгаар гэж бий. Бид үр хүүхдүүддээ өвлүүлэх ёстой эх орны унаган сайхан байгалиа сүйтгээд уух усгүй үлдээх хувь тавилан ойрхон байгаа нь юутай эмгэнэлтэй вэ. Ус чандмань эрдэнэ гэдгийг энд нурших нь илүүц биз ээ.

Бид үүсээд буй нөхцөл байдлын талаар сурвалжлага бэлдэн эргэн хүргэх болно.

Эх сурвалж: Newsmedia.mn

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.