Франц улс түүхэндээ хамгийн залуухан Ерөнхийлөгчтэй болсон ч харин тэргүүн хатагтай нь аль хэдий нь 60 гарсан, найман хүүхдийн эмээ болсон нэгэн юм. 39 настай залуу улстөрч Эммануэль Макрон Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор тус улсын тэргүүн хатагтай нь 64 настай Брижит Тронье боллоо. Нөхрөөсөө даруй 24 насаар эгчмэд энэ эмэгтэй ирээдүйн Ерөнхийлөгчийн 15-хан насандаа олж харсан, анхны хайр нь байсан юм. Өнгөрсөн хэдэн сарын турш тэдний хайрын түүхийг хэвлэлээр бичсэн учир францчууд одоо Брижит Троньег тэргүүн хатагтай хэмээн хүлээн авах сэтгэлзүйн бэлтгэл хангалттай болжээ.
Ирээдүйн Ерөнхийлөгч Макрон Францын умард хэсгийн Амиен хэмээх хотын хувийн сургуульд сурч байхдааБрижит Троньегийн жүжгийн дугуйланд 15 наснаасаа явж эхлээд л түүнд дурлажээ. 17-той байхдаа багшдаа “Юу ч болсон би тантай гэрлэнэ” гэж амлаж байсан тэрээр хэлсэндээ хүрч дараа жилээс нь хамт амьдарч эхэлсэн гэдэг. Түүний төлөө Брижит банкир нөхрөө, гэр бүлийн тогтсон амьдралаа орхиж Парис руу нүүж байжээ. Тэд 20 шахам жил хамт амьдраад 2007 онд хуримаа хийсэн боловч Э.Макрон хүүхэдгүй юм. Харин түүний эхнэрийн гурван хүүхэд, найман ач зээ бий аж. Сонирхолтой нь, Брижитийн нэг охин Э.Макронтой хамт нэг ангид сурдаг байсан гэдэг.
Ертөнцийг үзэх үзэл нь төлөвшиж тогтох өсвөр наснаас нь эхлэн хамт байж, өнөөдрийн Эммануэль Макроныг хамтдаа бий болгосон Брижит Тронье ирэх таван жил нөхрийнхөө ажилд голлох үүрэгтэй оролцох байх гэж ажиглагчид үзэж байна. Нөхрийнхөө улс төрийн карьерыг хамтдаа бий болгож, сонгуулийн кампанит ажлыг нь удирдан зохион байгуулалцсан гэгддэг Брижит Тронье АНУ-ын экс тэргүүн хатагтай Мишель Обама шиг тодорхой салбарын төсөл хөтөлбөр дээр идэвхтэй ажиллах байх гэсэн хүлээлт байгаа юм. Ялангуяа түүнийг ажил мэргэжлийнхээ дагуу боловсролын салбарт шинэ бодлого гаргахад, тухайлбал аутизм өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж боловсруулахад түлхүү анхаарах болов уу гэж хэвлэлүүд бичиж байна.
Нөхрийнхөө хэлэх үгийг засч, бусадтай уулзаж танилцах гүүр, зуучлагч нь болж өгдөг Брижит Тронье шинэ Засгийн газарт ихээхэн нөлөөтэй ажиллах боловч үүнийхээ төлөө цалин авахгүй, сайн дураар ажиллах байх гэж таамаглаж байна. Гэхдээ нэр цэвэр, залуу улстөрчийн хувьд Э.Макрон эхнэрээсээ хэт хараат байвал олон нийтийн дунд сөрөг имиж бүрдэж болох юм гэж ажиглагчид сануулж байна. Эхнэр нь төрийн ажилд хэт оролцож, түүнд зааж зөвлөсөөр байвал Э.Макроныг ард түмэн нь “ээжийн сайн хүү” гэж харах муу талтай учраас нэр хүндэд нь сэв суулгаж магадгүй энэ тодотголоос зайлсхийж явахыг түүнд цөөнгүй хүн зөвлөдөг аж.
Б.Номун
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
87385
30523
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.