Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

2020-04-13 Эдийн засаг

-Банкуудын цаана улстөрчид байдаг-

Цаг үеийн асуудлаар эдийн засагч Н.Тилеухантай ярилцлаа.

Манай улсад тэр дундаа цалингийн зээлгүй төрийн албан хаагч бараг алга. Та эдийн засагч хүнийхээ тухайд, банкуудын зээлийн хүү өндөр байна гэдэгтэй санал нийлэх үү?

-Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 20 орчим арилжааны банк бий. Эдгээр банкны жилийн хүү 15-22 хувь. Үүнээс өндөр хүүтэй ч банк бий. Өнөөдөр иргэн бүр банкнаас ямар нэгэн төрлийн зээлтэй. Зээлийн хүү өндөр байгаа нь үнэн. Хүүнээс хүүгийн хооронд амьдарч, хүүгийн дарамтад өртөж байна.

Банкны хүүг бууруулахын тулд банкны репорм хийх ёстой. Эдийн засагчдын харж байгаагаар банкны цаана улстөрчид байдаг. Өөрөөр хэлбэл, банк улстөрчдийг худалдаад авчихсан байна гэж харддаг. Нийт зээлийн 60-70 хувь нь ипотекийн зээл байгаа. Манай улсад ипотекийн зээл маш чухал. Харамсалтай нь хүн болгон энэ зээлд хамрагдаж чадахгүй, босго нь өндөр байдагт хамаг учир байна.

Өнөөдөр 230 орчим мянган иргэн гэр хороололд амьдарч, энэ хирээр яндангаас утаа гарч байгаа. Үүний 210  мянга нь хашаатай. Үүнийг арилгаж, зохицуулна гэвэл яах аргагүй ипотекийн зээл хэрэгтэй болно. Сүүлийн жилүүдэд Засгийн газар ипотекийн зээлийг явуулсангүй гэх яриа, шүүмжлэл байна. Үнэндээ тийм биш. Засгийн газар бус арилжааны банкинд асуудал байгаа юм. Хэдхэн хүн банкны халаасанд орчихоод байна.

Цаад нарийн учир нь юунд байна гэж Та харж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд барилгын салбар өндийж, хямралаас гарч, эл ажлыг хангалттай гүйцэтгэж байгаа ч банкууд өөрсдийнхөө мөнгөөр барилга барьчихна. Мөн банкууд зөвхөн зээл өгсөн, гэрээтэй барилгын компанийн орон сууцанд ипотекийн зээл өгөх буруу жишиг тогтсноос болж, ипотекийн зээл хүртээмжгүй байгаад байна.

Өмнө нь ипотекийн зээлд жилдээ 250 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг суулгадаг байсан бол үүний хүү ашиг гээд орлого нэмэгдэж байгаа. Энэ эх үүсвэрийг 1,6 дахин нэмсэн. Гэсэн ч өмнөхөөсөө ялгаа алга байна. Учир нь энэ мөнгө банкны мэдэлд очно. Банк өөрсдийнхөө хүссэн зээлд, барилгын компанийн орон сууцнаас худалдан авч байгаа тохиолдолд зээл олгож байгаагаас хамрагдах ёстой хүн хүртэж чадахгүйд хүрээд байгаа. Нэг ёсондоо ипотекийн зээл иргэдийг боочихоод, зах зээлд хүрэхгүй байна гэсэн үг.

-Тэгвэл энэ буруу тогтолцоог яаж засах ёстой юм бэ?

-Нэгдүгээрт, банкны репорм хийх цаг нь болсон. Аль эрт л хийх ёстой байсан. Хоёрдугаарт, ипотекийн зээлийг чөлөөт зах зээл рүү оруулах нь зөв. Одоо төрийн бодлогыг хэрэгжүүлж буй НОСК, ТОСК гэх байгууллагуудын тогтолцоо нь буруу яваад байна. Олон ч эдийн засагчид, судлаачид энэ асуудлыг хөнддөг ч тэдний дуу хоолой хүрэхгүй байна шүү дээ. Тухайлбал, Турк улсын жишээ байна.

Нэн ядуу иргэддээ орон сууцны барилгаа бодит өртөгөөр нь худалддаг. Харин дунд түвшинд буюу дунд орлоготой иргэдэд тохирсон, нэг ёсондоо бодит өртөгт бага хэмжээний ашиг шингээж зардаг. Түүнчлэн дээд түвшин буюу тансаг зэрэглэлийн, мөнгөтэй чинээлэг иргэдэд зориулсан орон сууцаа бодит өртөг дээр ашиг нэмж худалддаг.

Энэ бол сонгодог жишээ. Тус улс гэхэд жилдээ 30-40 мянган айлыг орон сууцанд оруулж байна. Яагаад Монгол Улс ингэж чадахгүй гэж. Энэ арга барилыг нутагшуулаад хэрэгжүүлэх боломжтой олон төсөл санал, загвар байдаг. Манай улс орон сууцны бодлого, ипотекийн зээлийн энэ асуудлаа шийдэхгүй бол хэдхэн хүний гарт орох эрсдэлтэй болчихлоо.

Гэхдээ зорилтот иргэдээ энэхүү төсөлд хамруулах зорилготойгоор ТОСК, НОСК төсөл хэрэгжүүлээд байна. Гэтэл энэ нь хүртээмжгүйн дээр гол байгаа онож чадахгүй харагддаг?

-Дээрх хоёр байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хувьд, газар нь улсын мэдлийнх. Иймээс төсөвт дарамт байхгүй, татварын мөнгөнөөс нэг ч төгрөг гаргахгүй. Ийм ч учраас барилгыг өртөгөөр нь хямд үнээр худалдаж байна.

-Эдийн засагч хүний хувьд, банкыг хязгаарлах ямар арга байна гэж харж байна бэ?

-Зарим арилжааны банк жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж байна. Мэдээж хувийн байгууллага учраас ашиг олохын төлөө ажиллана. Гэхдээ иргэд хүүгийн дарамтад орж байна. Монгол Улсад банкны хүү асар өндөр байна. Яагаад ингэж иргэдийг шулах ёстой юм.

Мал нь хүртэл мөнгөтэй хүний халаасанд орох нь. Малчдын 70 хувь нь банкинд зээлтэй. Тэд ноос ноолуур, малаа барьцаалж зээл авч байна. Эцэст нь зээлээ төлж чадахгүй, малаа алдах тохиолдол ч их бий. Энэ маягаар яваад байвал 20 жилийн дараа гэхэд манай улс Энэтхэг шиг болох нь. Яагаад банкны салбар монополь байна вэ? Энд нэг л бодит хариулт хэлье. УИХ-ын 76 гишүүний зарим нэг нь банкны халаасанд орчихсон байна шүү дээ.

-Ипотекийн зээлийг 2 дахин нэмлээ. Гэхдээ хүртээмжгүй байгаа нь санхүүжилтийн эх үүсвэр бага байгаадаа бус банкны зохицуулалтад байгаа юм байна гэж таны ярианаас ойлголоо…

-Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх тусам эдийн засаг хямарна. Санхүүжилт бага байгаадаа биш ээ. Системээр явбал хүртээмжтэй. Бага орлоготой, нэн ядуу иргэдэд хүрэх ёстой. Турк улсын орон сууцны систем Монгол Улсад яг тохирно. Орон сууцанд хүртэл улс төр явж байдаг. Гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалт татах, эс бөгөөс Засгийн газрыг шантаажилдаг. Ийм гажуудал байгаа учраас бодит ажил хэрэг болж, үр дүнд хүрэхгүй байна.

-Ипотекийн зээлийн шалгуур хэт өндөр байгаа нь аль шатны алдаа вэ?

-Ипотекийн зээлийн шалгуур өндөр. Нэг талаас эрсдэлээ тооцсон, харин нөгөө талаас хэт мөнгөтэй, иргэдэд зориулсан байгаа юм. Иргэд биш банкны эрх ашгийг хэт хамгаалсан бодлого л доо.

-Монгол Улсад гадны банк оруулж ирвэл хүү буурах боломжтой эсэхэд улс төрийн хүрээнийхэн болон эдийн засагчид нэлээд маргаантай хандсаар ирсэн. Хэрвээ гадны банкуудыг оруулж ирвэл үнэхээр хүү буурах уу? Эсвэл гадны банкуудад эл зах зээлээ алдах эрсдэлтэй юу?

-Бид гаднаас банк оруулж ирлээ гэхэд Монголын үнэт зүйл болох мал, эдийн засгийн гол хүч болох уул уурхай гадны банкны мэдэлд очих өндөр эрсдэл бий. Гэхдээ дотоодод банкны системээ зохицуулж чадахгүй бол гадны банк оруулж ирэхээс өөр арга байхгүй.

Гадны банкыг оруулж ирнэ гэвэл хуулийн маш сайн зохицуулалт байхаас гадна үйл ажиллагаа явуулах хугацааг нь хатуу тогтоох ёстой. 10-20 жил гэдэг ч юм уу. Хугацааны хувьд хязгааргүй байх нь 30-40 жилийн дараа гэхэд мал, уул уурхайн лиценз, барилга байгууламж бүгд гадны банкны мэдэлд очно. Хоёр жилийн дараа хүүгээ 10 хувь, 5 жилийн дараа 20 хувь болгочихвол яах вэ?

Монголын хэдэн банкууд нь дампуурч, хавчигдана. Тэгэхээр дахин хэлье. Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирээд, хямарсан эдийн засгаа өндийлгөж аваад буцаагаад гаргах хэрэгтэй.

-Барилгын салбарт өсөлт гарч, хямралаас гарлаа. Та Барилга, хот байгуулалтын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн хугацаанд барилгын салбарт ямар томоохон хөрөнгө оруулалт орж ирэв?

-2016 оноос хойш манай барилгын салбарт томоохон ажлууд хийгдэж байна.  Барилгын салбарт улсын хөрөнгө оруултаар 2018 онд 2,9 их наяд төгрөгийн бүтээн байгуулт хийгдсэн. Энэ нь цэвэрлэх байгууламж, сургууль, цэцэрлэг, өргөтгөл, шинэчлэл гээд орчныг сайжруулах олон төсөл хэрэгжсэн. Ер нь барилга, хот байгуулалтын салбарыг хөрөнгө оруулалт, зээл тусламжгүйгээр төсөөлөхөд бэрх шүү дээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй олон төслүүд байна. Тэдгээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хууль дүрэм, журмыг гаргах, санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг анхаарч, шийдвэрлэх нь салбарын яамны гол ажил. Гадаадын зээл тусламжаар 2011 оноос 2022 он хүртэл хэрэгжсэн, хэрэгжиж байгаа, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа 24 төсөлд 7.1 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээ байна. Ер нь бол гадны хөрөнгө оруулагч нартай уулзахад Монгол Улсад, тэр дундаа барилгын салбарт хөрөнгө оруулалт хийх хүсэл сонирхол маш их байгаа нь ажиглагдсан. Тэдний хувьд хөрөнгө оруулалтын таатай орчин, эрх зүйн хувьд тодорхой зарчмуудыг чухалчилдаг. Манай улс гадаад зээл, тусламж, хөрөнгө оруулалтын тал дээр хууль, эрх зүйн таатай орчин, зөв бодлоготой болчихвол хөрөнгө оруулалт нэлээдгүй нэмэгдэнэ гэж харж байгаа.

-Барилгын салбарт томоохон бүтээн байгуулалт өрнөж, дэд бүтцийн болон нийгмийн шинж чанартай олон төсөл хөтөлбөр хэрэгжих төлөвлөгөө бий. Үүнд, та ямар байр суурь илэрхийлэх бол?

-Барилга хот байгуулалтын яамнаас 4.5 их наяд төгрөгийн 7 төсөл арга хэмжээг 2019 онд санаачлан хэрэгжүүлсэн. Үүнээс гурван төслийг онцлон хэлье. “Агаар орчны бохирдлыг бууруулах төсөл”-ийн хүрээнд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр буюу 500 сая ам.доллараар орон сууц барихаар ТЭЗҮ хийгдэж байна. Түүнчлэн “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2018-2031 оны хооронд Баян-Өлгий, Ховд, Увс, Дорнод аймгуудад хэрэгжүүлнэ. Мөн ”БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Аймгийн төвүүдэд цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчилж, таван аймгийн цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг 2019-2021 онуудад хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.

-Барилгын салбар гэхээр л өндөр барилга, байгууламж барина гэж ойлгодог. Гэтэл дэд бүтцийн олон асуудал ард үлдэх гээд байдаг талтай…?
-Барилга, хот байгуулалтын яам салбарын жижиг нэгж бүрт анхаарч ажиллахыг хичээдэг, үүнд ч бодлогоо чиглүүлдэг. 2019 онд гэхэд үерийн далан, ус зайлуулах суваг, инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, өргөтгөл, шинэчлэл, ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, сумын төвийн тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээ, халуун ус, худгийн барилга, байруудын дулаалга, дээврийн их засвар, зогсоол, гэрэлтүүлэг, камерын ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Өөрөөр хэлбэл, 2019 оны хувьд улсын хэмжээнд энэ чиглэлийн ажлууд түлхүү хийгдсэн гэсэн үг. Мөн энэ хүрээнд 2019 онд Барилга, хот байгуулалтын сайдын багцад батлагдсан 157 төсөл хөтөлбөрийг 147 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлсэн. Энэ бол салбар яамны ажлын үр дүн юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.