Монгол Улсад СOVID-19 халдварын 11 дэх тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас хийдэг СOVID-19 халдварын тархалт, нөхцөл байдлын ээлжит мэдээллээр дахин нэг монгол иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 221 хүний шинжилгээг хийж дуусчээ. Харин халдвартай нэг тохиолдлоос гадна тандалтаар цуглуулсан 25 сорьц сөрөг гарлаа.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна.
Өмнө нь бүртгэгдсэн COVID 19-ийн 10 тохиолдол:
- Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
- Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
- Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
- Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.
- Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.