Арилжааны банкуудад 60 сая ам.доллар нийлүүлжээ

2020-03-20 Банк, санхүү

Монголбанк энэ долоо хоногт хоёр удаагийн дуудлага худалдаагаар нийт 60 сая ам.долларыг арилжааны банкуудад нийлүүлжээ. Тодруулбал, мягмар гарагт банкуудын саналыг 100 хувь биелүүлж, 35.1 сая ам.доллар ялгаатай ханшаар нийлүүлсэн байна. Пүрэв гарагт ирүүлсэн саналыг мөн 100 хувь биелүүлж, 25 сая ам.доллар нийлүүлжээ.

Монголбанк гуравдугаар сард болсон бүх дуудлага худалдаанд оролцож, валютын захад идэвхтэй нийлүүлэлт хийж байна. Гуравдугаар сарын 1-19-нийг хүртэл нийт 193 сая ам.доллар нийлүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад долоо дахин өндөр дүн юм.

Хэдийгээр ханш тогтворжуулах арга хэмжээ авч байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсаар байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногийнхоос хоёр төгрөгөөр чангарч нэг ам.доллар 2769 төгрөг 17 мөнгөтэй тэнцэж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.