АНУ-ын 23 муж улс, Вашингтон ДиСи хотод онц байдал зарлалаа

2020-03-12 Ертөнц

АНУ-д шинэ коронавирусийн халдвартай хүний тоо 1200-гаас давж, 23 муж улс, Вашингтон ДиСи хотод онц байдал зарлаад байна. Мөн Европоос ирэх зорчигчдын хөдөлгөөнийг хоригложээ. Хориг баасан гарагийн шөнө дундаас эхлэн 30 хоног үргэлжлэх юм байна. Ингэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зохих шалгалтад хамрагдсан америкчуудад энэ хориг хамаарахгүй гэж мэдэгдсэн нь олныг төөрөгдүүллээ гэж Америкийн зарим хэвлэл мэдээлж байна.

Мөн “Юта Жаз” багийн нэг сагсан бөмбөгчин коронавирусний халдвартай гэж тогтоогдсоноор Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо лхагва гарагийн шөнө улирлын тоглолтуудаа цуцалжээ. Нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дотоод дахь зарим айлчлалаа цуцалж, коронавирусний халдварын нөлөөгөөр ажлаа хийж чадахгүй санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байгаа хүмүүст яаралтай үеийн эдийн засгийн тусламж үзүүлнэ гэж мэдэгдлээ.

Холливудын алдарт жүжигчин Том Хэнкс, түүний эхнэр, мөн Холливудын жүжигчин Рита Вилсон нар Австралид явж байгаад халдвартай гэдэг нь тогтоогдсон гэж нийгмийн сүлжээнд мэдээлсэн байна. Мөн Конгрессийн нэг ажилтан коронавирусийн халдвартай болох нь тогтоогдоод байна. Энэ ажилтан Конгрессийн хэд хэдэн гишүүнтэй харилцаа холбоотой байсан гэж албанаас нь мэдээлжээ.

мм

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.