О.Сэлэнгэ: Залуучууд коронавирусийн эсрэг нэгдэж байна

2020-03-11 Нийгэм

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас дэлхий нийтийг цочроогоод буй коронавирусийн халдварын (COVID-19) тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ сарын 1-нээс эхлэн залуусыг уриалан улсын хэмжээнд ажиллаж эхэлсэн билээ. Тус аяны талаар Залуучуудын хөгжлийн дарга О.Сэлэнгэтэй ярилцлаа.

-БНХАУ-д анх бүртгэгдсэн шинэ коронавирусийн халдварын тохиолдол манай улсад өчигдөр албан ёсоор бүртгэгдлээ. Танай байгууллагын зүгээс залуусыг уриалж, тус халдварын эсрэг аян өрнүүлсэн мэдээтэй байсан. Та бүхэн ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?

-Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор залуучууд ямар байдлаар хэрхэн урьдчилан сэргийлэх ажлыг дэмжиж, хамтарч ажиллах вэ гэдэг нь чухал юм. Залуучуудын оролцоо ялангуяа, нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, мөн үүссэн нөхцөл байлдалтай холбоотой залуучуудын оролцоог бий болгох зорилгоор энэ аяныг эхлүүлсэн. Мөн эл хүрээнд залуучуудаар дамжуулан өсвөр үеийг урьдчилан сэргийлэх чиглэлд уриалах энэхүү аяныг энэ сарын 1-нээс эхлүүлсэн.

-Аяны гол зарчим юу байх вэ?

-Аяны хүрээнд нийт долоон ажлыг төлөвөж байна. Эхний ээлжинд, 21 аймаг, есөн дүүрэгт гамшиг, онцгой байдлын үед ажиллах сайн дурын ажилтнуудыг бэлтгэх зорилгоор цахимаар бүртгэж байна. Энэ хүрээнд нэг аймагт 10 хүнийг буюу үндэсний хэмжээнд 320 хүнийг сайн дурын ажилд бэлтгэх болно. Бэлтгэгдсэн ажилтнууд маань холбогдох албаныханд хоол ундыг нь зөөж өгөх, шаардлагатай эм, эмийн материалуудад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай бол мэдээллийг иргэдэд үнэн зөв хүргэх гэх мэт ажлуудыг гүйцэтгэнэ. Хамгийн гол нь өнөөдөр үүсээд буй хүндхэн энэ цаг үед ийм чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага хүрэлцэхгүй байна.

Хэрвээ та бүхэн анзаарсан бол цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад хоол хүнс, халуун аарц өгөх гээд олон төрлөөр сайн дурын ажил үйлчилгээг залуучууд хийдэг. Энэ үүднээс сайн дурын ажлыг залуучуудад уриалж байгаа юм.

-Манай улсад ер нь сайн дурын ажлыг албан ёсоор хуульчилсан байдаг уу?

-Сайн дурын ажилтнуудыг бүртгэх, баталгаажуулах журмыг 2019 онд баталсан. Энэ хүрээнд залуучуудад зориулсан тодорхой, зорилтот ажлуудыг хийж эхэлсэн.

-Аяны хүрээнд өөр ямар ажил хийж байна вэ?

-Дэлхийн зарим улс оронд бүртгэгдээд байгаа коронавирусийн эсрэг монгол залуучууд цахимд нэгдэж байна. Тэд өөрсдийн facebook хаягаар өөрөө болон нийгэм хэрхэн сэргийлэх талаар мэдээ, мэдээлэл түгээх ажиллагаанд нэгдэж эхэллээ. Тухайлбал, гараа хэрхэн угаах, амны хаалт зүүхийг нийт иргэдэд уриалж байгаа юм. Түүнчлэн залуучуудад амны хаалт үнэ төлбөргүй өгөх, мөн амны хаалт зүүгээгүй хүмүүст зөвлөмж хүргүүлэх гэх мэт. Түүгээр зогсохгүй аж ахуйн нэгж, албан байгууллагууд, үйлчилгээний газруудыг амны хаалт зүүгээгүй хүнд үйлчлэхгүй байхыг уриалж байна. Мөн холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран уриалга, сэрэмжлүүлэг иргэдэд түгээж эхлээд байна.

Түүнчлэн оёдлын чиглэлийн бизнес эрхлэдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй хамтран ажиллаж эхэллээ. Ингэснээр эрүүл мэндийн шаардлага хангасан амны хаалтыг ялангуяа орон нутаг, зорилтот бүлгийнхэн, хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр тараах ажлыг 21 аймаг есөн дүүрэгт чадах чинээгээрээ хийж байна.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан ухуулга сурталчилгаа хийх зэрэг хэд хэдэн ажлыг эхлүүлсэн. Жишээ нь нэг аймагт 30 гаруй мянган залууст цахимаар дамжуулан урьдчилан сэргийлэх мэдээлэл түгээхээр зорьж байна. Ингэснээр мэдээлэл авсан залуус бусдад гэрийн нөхцөлд тус вирусээс яаж урьдчилан сэргийлэх үү, яаж ариутгал хийх ёстой гээд мэдээлэл түгээх юм. Одоогийн байдлаар энэ чиглэлээр орон нутгуудын мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

-Танай чиглэлийн Хөгжлийн төвүүд 21 аймаг, есөн дүүрэгт ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бүх ажлыг амжуулахад нэлээд дөхөмтэй байгаа болов уу?

-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хүрээнд Монгол Улс энэ насныхны асуудлыг хариуцсан институцитэй болсон. Энэ хүрээнд эдгээр ажлыг санаачлаад, зохион байгуулж байна. Тухайлбал, хөл хорио тогтоосон цаг үед залуус цахимаар нэгдэж, гамшиг онцгой байдлын бүсэд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай бол Солонгост байгаа залуучууддаа амны хаалт хүргүүлэх гээд олон ажил хийхээр төлөвлөж байна.

Энд нэг зүйлийг онцлоход, залуус сүүлийн гурван сар гадуур бөөнөөрөө сэлгүүцэх үзэгдэл нэлээд ажиглагдсан. Тиймээс олноороо цугларахгүй байх, ялангуяа түр хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ үед өөрөө өөрийгөө тусгаарлах, шаардлагатай бол гэр орноосоо гарахгүй, сэлгүүцэхгүй байж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг сахихыг уриалж байна.

-Залуус гэсэн тодорхойлтод хэдээс хэдэн насныхан багтдаг вэ?

-Залуус гэдэг нь 15-34 насныхан багтдаг. Үүнийг хуульд зааж баталгаажуулсан байдаг. Өсвөр насныхан маань энэ ангилалд хамаардаг. Тиймээс өсвөр насныханд зориулсан, тэдэнд хандсан зөвлөмжийг ч мөн хүргүүлж байгаа. Энэхүү ажлын 60-70 хувийг цахимаар дамжуулан хийж байна.

-Сайн дурын ажилтнаар бүртгүүлэхэд ямар нэгэн шаардлага тавьж байгаа юу?

-Хэрэв та анагаах болон сэтгэл зүйч, нийгмийн ажилтны чиглэлээр сурдаг бол давуу тал болно. Гэхдээ энэхүү ажил бэлтгэл шатандаа явж байгаа. Ер нь сайн дурын ажил хийхэд ямар ч насныхан байж болно.

Мөн сайн дурын ажилтнууд зөвхөн өнөөдөр үүсээд буй коронавирусийн халдварын үед ажиллаад зогсохгүй цаашид ч онцгой нөхцөл байдал болон бусад үед ажиллах шаардлагатай байгаа. Хэрвээ түймэр гарлаа, үер боллоо гэхэд ямар нэгэн гамшиг, онцгой байдлын үед бэлэн байдлын төлөвлөгөө гэдэг үүднээсээ сайн дурын ажилтныг цаашдаа бэлтгэх хэрэгцээ Монгол Улсад байгаа. Энэ чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газар болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай санал солилцон ажиллаж байна.

Өнөөдрий  нөхцөл байдлаас харахад, эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд шаардлагатай дэмжлэг, туслалцааг өгч ажиллах шаардлагатай байна. Мөн сэтгэлзүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд маань бас сайн дурын ажилд бид нараар дамжуулан хамтарч ажиллах бололцоотой. Нийгмийн ажилтнаар суралцаж байгаа оюутнууд мөн дэмжин туслах гээд энэ чиглэлийн оюутан залуучуудыг тэр бүү хэл ажил хийж байгаа ажлынхаа чөлөөт цагаараа сайн дурын ажил хийх сонирхолтой хүмүүсийг мөн бүртгэж авья гэж харж байгаа.

-Энгийн иргэд энэхүү вирусээс хамгаалахын тулд гар доорх хамгийн энгийн арга нь амны хаалт зүүх хэрэгтэй болоод байна. Өнөөдрийн байдлаар танай байгууллагаас хэдэн хүнд амны хаалт тараагаад байна вэ?

-Одоогоор нийт 15 мянга гаруй амны хаалт тараасан. Энэ амны хаалтыг оёдлын чиглэлээр ажилладаг залуус маань оёсон. Мөн зарим хэсгийг нь худалдаж авлаа. Гадаад, дотоодоос ч хүртэл явуулсан гээд ёстой л олны хүч оломгүй далай гэж нэлээд хэдэн хүнд амны хаалт тараагаад байна.

Түүнчлэн манай гэр бүл хүүхэд залуучуудын газрын албан хаагчид хүртэл өөрсдөө ажил дээрээ оёдлын машинаа авчраад амны хаалт оёж буй сайхан жишээ Сүхбаатар аймагт байна. Боломж бололцоогоороо амны хаалтыг тараах, тэр дундаа амны хаалтгүй явж байгаа хүмүүст тараах, урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөөг өгч ажиллаж байна.

-Зорилтот бүлгийнхэнд амны хаалт хэр хүрэлцээтэй байгаа бол?

-Манай байгууллагаас энэ бүлгийн гэр бүлүүдэд очиж, нөхцөл байдлын үнэлгээ хийж байгаа. Тэгэхдээ энэхүү өвчлөлийн үед хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна, эрсдлийн үнэлгээ ямар байна гээд мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, ухуулгыг хийгээд зогсохгүй үнэ төлбөргүй амны хаалт тарааж байна.

-Манай улсад зорилтот бүлгийн хэдэн гэр бүл байдаг вэ?

-Улсын хэмжээнд 8100 зорилтот бүлгийн гэр бүл бүртгэлтэй байдаг. Нэг аймаг, дүүрэгт 270 өрх байгаа. Тэр өрхүүдэд ч гэсэн хүрч ажиллах зайлшгүй хэрэгцээ шаардлага байна. Бид боломжийн хэрээрээ хүрч ажиллахыг зорьдог.

-Аяны хүрээнд дараагийн ээлжинд ямар ажил хийхээр зорьж байна вэ?

-Залуучуудын өгсөн саналын дагуу гэртээ дүү нартайгаа байгаа бяцхан иргэддээ чиглэсэн ажил хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, манай агентлагийн зүгээс өсвөр үеийнхэн хоорондоо тоглох тоглоомын аргачлалыг боловсруулахаар ажиллаж эхэлсэн. Мөн цахимаар дамжуулж, англи хэлний үнэ төлбөргүй боловсрол олгохоор зорьж байгаа. Мөн холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтраад цахимаар дамжуулан бүжгийн болон хүүхэд гэртээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр сургалтуудыг хийхээр бэлтгэж байна. Урьдчилсан байдлаар 80 гаруй мянган залуучуудыг онлайн сургалтад хамруулах болов уу гэсэн төлөвлөөгөөтэй байна.

-Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлын талаар залууст хандан юу гэж хэлмээр байна вэ?

-Ийм нөхцөл байдалд нэгнийгээ хямраах биш бусдыгаа хэрхэн дэмжих үү, зөв мэдээллийг хэрхэн өгөх үү, нэгдэж нийлж бэрхшээлийг даван туулах нь хамгийн чухал.

Нэгдэн нийлж даван туулах нэгдмэл нэг ойлголттой байвал ямар ч улс орон тухайн бэрхшээлийг даван туулж чаддаг гэдгийг харж байна. Хятадад нэгэн жишээ ажиглагдсан нь өдөр бүр хаана очиж, хэнтэй уулзсанаа хүртэл тэмдэглэдэг. Өөрийнхөө зураглалыг гаргадаг гэсэн үг. Хэрэв ямар нэгэн эрсдэл үүсвэл миний зураглал энэ шүү гэх байдлаар гаргасан жишээ энэ юм. Тиймээс хүн бүр өөрийн чадах урьдчилан сэргийлэх зүйлсийг хийж, хэрэгжүүлж байж л улс орны өмнө тулгарсан бэрхшээлийг даван туулж чадна.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье

<

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.