Пак Гын Хэгийн хувь заяа хаашаа эргэх вэ

2017-05-3 Ертөнц

Ердөө хэдхэн сарын өмнө БНСУ-ын төрийн тэргүүн хэмээн улсын хилээр хязгаарлагдахгүй дэлхий дахинаа хүндлэгдэж явсан Ерөнхийлөгч Пак Гын Хэ өдгөө 503 дугаартай хоригдол болж, шүүхийн тогтоол уншихыг хүлээж сууна. 65 настай энэ эмэгтэй улсынхаа түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч болон мандаж явсан цаг саяхан боловч хэзээ мөдгүй болох шүүх хурлаас түүнд ял хүлээлгэж, хэдэн ч жилийг торны цаана өнгөрүүлж магадгүй болоод буй. Түүнийг прокурорууд 18 зүйл ангиар буруутган ялласнаас нь тав нь авлига, хээл хахуультай холбоотой, 11 нь эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг бөгөөд үлдсэн хоёр нь Засгийн газрын нууц задруулсан, бусдыг албадан дарамталсан хэрэг аж. Энэ бүх ял зэмийг Пак Гын Хэгийн өмгөөлөгчид үгүйсгэн, үйлчлүүлэгч нь гэм буруугүй гэж мэдүүлж байна.

Дотны найз Чой Сүн Шилдээ хэлэх үгээ хянуулсан  гэдэг “ялихгүй” хэргээс өнөөдөр хэдэн арван хүнийг торны цаана суулгаж 59 тэрбум воноор яригдах авлигын хэргийг улс даяар шүүн хэлэлцэх хүртэл мандаж орхисон энэ хэргээр прокурорууд нийтдээ 120 мянган хуудас бүхий хавтас хэрэг үүсгэжээ. Энэ их бичиг цаастай бүрэн танилцаж чадахгүй байна гэдэг шалтгаанаар Пак Гын Хэгийн өмгөөлөгчид шүүхээс цаг хугацаа гаргаж өгөхийг хүссэн учир өчигдөр эхэлсэн шүүх хурлыг хойшлуулж, долоо хоногийн дараа хийхээр товложээ.

Ер нь, Пак Гын Хэгийн хэргийг энэ мэтчилэн сунжруулсаар энэ сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шийднэ гэсэн таамаг байгаа. Одоо Солонгосын улс төр ид халуунаар буцалж байгаа тул Пак Гын Хэгийн хэргийг шийдвэрлэвэл уур амьсгалыг бүр хурцатгаж магадгүй гэж эрх баригчид эмээж буй аж. Харин сонгуулийн дараа Өмнөд Солонгос шинэ удирдагчтай болж, өмнөх Ерөнхийлагчийнх нь хувь заяа ч давхар шийдэгдэнэ.

65 настай, улстайгаа “гэрлэсэн” гэгдэж, ганц биеэр энэ амьдралыг, улс төрийн хахир хатуу ертөнцийг туулсан энэ эмэгтэйд  одоо төрд эргэн ирэх шаанс үлдэх нь байтугай, үлдсэн амьдралаа торны цаана өнгөрүүлэх юм биш байгаа гэсэн айдас тээсэн бүрхэг ирээдүй хүлээж байна.

Энэ эмэгтэйн түүх бол Өмнөд Солонгосын түүх юм гэж CNN бичиж байсан. БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч,  парламентын гишүүдийн итгэл үл хүлээж, Үндсэн хуулийнхаа цэцээс огцруулах санал авсан анхны төрийн тэргүүн гэдэгтээ ч ингэж хэлж буй юм биш.

Чухамдаа Солонгосын голлох экспортын нэг болсон савангийн дуурьт нь л гарч баймаар өрнүүн үйл явдлаар үргэлж оргилж буцалж байдаг улс төрийн ертөнц, Хөх ордны амьдралд хүүхэд байхаасаа оролцож эхэлсэн Пак Гын Хэ нийгмийн амьдралынхаа төгсгөл хэсгийг ч мөн л энэ ордонд үдлээ. Тэр анх 1961 онд 10 настайдаа, эцэг Пак Жөньхый нь цэргийн эргэлтээр улсынхаа удирдагч болох үед Хөх ордонд иржээ.

Үүнээс 13 жилийн өмнө буюу 1948 оны наймдугаар сарын 15-нд БНСУ анх удаа төрт ёсоо даатгах Ерөнхийлөгчтэй болсон нь Ли Сын Ман билээ. АНУ-д боловсрол эзэмшсэн, тусгаар тогтнолын тэмцэгч явсан тэрээр  БНСУ хэмээх тусгаар улс байгуулагдсаныг зарласнаас сарын дараа умардын 38 дугаар өргөрөгт Ким Ир Сен БНАСАУ-ыг зарласан түүхтэй. Тэнгэрт нэг нар, газарт нэг улс гэдэгчлэн Солонгос хэмээх нэрийг хуваан эзэмшсэн хоёр улс 1950 онд дайн зарлаж, гурван жил байлдан, 2,8 сая хүний халуун цус урсгасны эцэст гал зогсоосон ч, өдгөө хүртэл албан ёсоор дайн дуусаагүй л байгаа. Дайны хүнд жилүүдийг давж гарсан Ли Сын Ман эр бярандаа автсан мэт цэргийн хууль баталж, бүх насаараа Ерөнхийлөгч байх эрхийг өөртөө өгөхөөр улайрч байх үеэс  солонгосчуудын өдгөөгийн яс цусанд суусан мэт тэмцэгч чанар сэдэрч бослого хөдөлгөөн эхэлсэн байдаг. Алдарт Дөрөвдүгээр сарын хувьсгал тэр үед гарч, 100 гаруй хүн цагдаагийнханд буудуулан амиа алдсаны дараа огцорч, Ли Сын Ман Хавай руу зугтсаны дараа Пак Жөньхый төрийн эрхэнд гарсан билээ.

Цэргийн эргэлтээр төрийн эрхэнд гарсан генерал Пак Жөньхый Вашингтоны шахалтаар жирийн иргэн болж 1963 онд сонгуульд өрсөлдөн, ялалт байгуулсан юм. Хэдийгээр дарангуйлагч гэгддэг ч Солонгосыг хөл дээр нь босгосон гавьяа нь өнөө хүртэл дурсагддаг, эцэг эх нь хоёул улс төрийн аллагын хохирогч болсон гэдэг өр өвдөм түүхийн “ачаар” охин Пак Гын Хэн нь анхны эмэгтэй Ерөнхийлөгч болтлоо ахиж дэвшсэн билээ. Пак Жөньхыйгийн нэр хүнд эрх барьсан эхний 10 жилдээ өндөр байсан ч дараагийн 10 жилд нь түүнийг гэр бүлийг гамшигт явдлууд хүлээж байв.  Түүнийг хороох гэсэн умардын агент эхнэрийг нь буудсанаар 22 настай Пак Гын Хэ тэргүүн хатагтай болсон юм.

Ерөнхийлөгч, бас тэргүүн хатагтайн аль аль нь байж үзэх ийм хувь тохиол Солонгост, ер хаа ч ховор. Хиллари Клинтон ийм түүх бүтээх гээд чадаагүйг бид мэднэ. Хэрэв Пак Гын Хэ улс даяар толгой өвтгөсөн энэ их хэргийг мандуулаагүйсэн бол үнэхээр ховор хувь тохиолын эзэн гэж түүхэнд онцгой сайхнаар дуурсагдах байлаа. Гэвч Чой гэгчийн гэр бүлийн балаг түүнийг өнөөдөр улс төрийн өндөрлөгөөс унагаад зогссонгүй, өнгөрсөн түүхийг нь харвал эцгийнх нь амь насаа алдсан хэргийн гол шалтгаан ч болж мэдэхээр байдаг.

1979 онд Пак Жөньхыйг хороосон Солонгосын тагнуулын газрын дарга Ким Жэй Гю хэлэхдээ шашны гаж урсгалыг үндэслэгч Чой Тэ Мин гэгч бөөгийн нөлөөнөөс охиноо хамгаалж чадаагүйнх нь төлөө Ерөнхийлөгчөө хөнөөсөн хэмээн өчсөн байдаг. Чой Тэ Мин бол өдгөө Пак Гын Хэг суудлаас нь унагаж дөнгөсөн, түүний хамаг хэргийг өмнөөс нь мэдэж шийддэг байсан гэж сэрдэгдэж буй найз Чой Сүн Шилийнх нь аав билээ. Гэнэтхэн эхийгээ алдаж, уй гашууд автсан, бас өөртөө ахадсан тэргүүн хатагтайн үүргийг хүлээж авсан Пак Гын Хэд Чойгийн гэр бүл овжноор хүрч, ухаан бага, туршлага суугаагүй түүнд нөлөөлж эхэлсэн байдаг. Энэ тухай АНУ-ын тагнуулууд бүр эрт мэдэж байсан нь 2007 онд Викиликс АНУ-ын дипломат албаны нууцыг задруулах үеэр ил болсон юм. Пак Гын Хэгийн тухай АНУ-ын нууц мэдээлэлд “Чойгийн гэр бүл Пакыг нас бие гүйцэх үед бие, сэтгэлийг нь бүрэн хяналтдаа оруулж, өөрсдийн хүслээр хөдөлгөдөг болж, их хөлжсөн” хэмээн бичсэн байдаг.

Вашингтоны аль эрт мэдэж байсан энэ нууцыг харин солонгосчууд маш хожуу, ердөө өнгөрсөн оны аравдугаар сард олж мэдсэн билээ. Энэ хооронд Пак Гын Хэ таван жил төр барьж, түүний найз Чой Сүн Шил том компаниудыг дарамталж тэрбум тэрбумаар нь мөнгө салгаж амжсан бөгөөд дуртай хүнээ сайдаар томилдог нууц төрийн тэргүүн болоод байв.

“Samsung” группийн өв залгамжлагчаас эхлээд Соёлын сайд хүртэл, тэр дундаа өөрийнхөө хоёр туслах гээд 15 хүнийг цагдаад баривчлагдахыг харж, олон ч хүнийг хөлдөө чирж, рейтинг нь гурван хувь хүртлээ унаж, нэг сая хүн амралтын өдөр бүр өөрийг нь эсэргүүцэн жагсч байхад ч өөрийгөө гэм буруугүй ээ хэмээн эцсээ хүртэл суудалтайгаа зууралдсаар байсан Пак Гын Хэгийн мандуулсан  энэ хэрэг зөвхөн улсынхаа хилээр хязгаарлагдахгүй Солонгосын хойгт олон зүйлийг өөрчлөх эхлэл болж мэдэх юм.

Б.Номун

<

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.