Урт цагааны үйл ажиллагааг зогсооно

2020-02-12 Нийслэл

Нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлагууд Урт цагааны үйл ажиллагаатай танилцсан байна.

Энэ үеэр Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат тус үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсооно хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Жуулчны гудамжинд байрлах Урт цагаан нийслэлийн өмчит гуравдугаар байр нь 1958 оноос хойш засвар хийлгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Энэ обьектын үйл ажиллагааг нь зогсоох нийслэлийн Мэргэжлийн хяналтын удаа дараагийн дүгнэлт гарсан. Түүнчлэн барилга нь галын эрсдэл өндөр, газар хөдлөлтийн чичирхийллийг ч даах чадваргүй, Улаанбаатар хотын хамгийн эрдэлтэй обьектын нэгээр жил болгон тодорхойлогддог. Түрээслэгч нар стандартад нийцүүлэх шаардлагыг удаа дараа тавьдаг. Шаардлага биелүүлэхгүй байгаа учир үйл ажиллагааг нь зогсоох гэхээр олуулаа өргөдөл гомдол гаргаж, өмч хөрөнгийн маргаан үүсгэдэг. Нийслэлийн зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй дээр үйл ажиллагааг нь зогсоож энэ обьектоос орлого олохоо болих шийдвэр гарсан. Тиймээс үйл ажиллагааг нь зогсоох болно” гэлээ.

Нийслэлийн төсвөөс жилд Урт цагаанд 450 орчим сая төгрөг гаргадаг ч буцаан олж байгаа орлого нь 500 орчим сая төгрөг байна. Одоогоор 30 байгууллагатай түрээсийн гэрээ байгуулжээ. Тэд дамаар 200 гаруй хүмүүст давхар түрээсэлдэг юм байна.

 

<

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.