ХӨСҮТ-ийн Халдвар судлаач их эмч М.Цолмон: Амны хаалт нь ам, хамрыг битүү далдалсан байх ёстой

2020-02-26 Эрүүл мэнд

Эмч зөвлөж байна

Сүүлийн үед дэлхийн зарим улс оронд шинэ коронавирус (COVID-19) халдвар бүртгэгдэж, мөн манай улсад улирлын томуу болон томуу төст өвчин нэмэгдэх болсонтой холбогдуулан иргэддээ мэргэжлийн эмчийн зөвлөмжийг хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Халдвар судлаач их эмч М.Цолмон: Юуны өмнө гарын ариун цэврийг хүн бүхэн сахих хэрэгтэй. Ингэхдээ гараа ямар дарааллаар, хэрхэн, яаж угаах уу гэдгээс эхлэх ёстой. Хамгийн гол нь гараа бохирдсон тохиолдол бүрт угааж, хэвших нь зүйтэй. Түүнээс гараа угаана гээд усанд булхуулах бус хэд хэдэн удаа хөөсрүүлж савандах хэрэгтэй. Хэрвээ гар бохирдоогүй бол албан байгууллагын ажилтнууд спиртэн суурьтай шингэнээр гараа ариутгана. Түүнээс айл өрх бүр спиртэн суурьтай шингэн хэрэглэж, гараа халдваргүйжуулна гэсэн үг биш юм.

Хоёрдугаарт, амны хаалтыг хэзээ, хэрхэн зүүх тухай зөвлөе. Амны хаалт нь тухайн өвчтэй хүнийг ярих, найтаах үед амнаас нь гарах дуслыг хязгаарлах зорилттой байдаг. Нөгөөтэйгүүр, амны хаалтыг зүүхдээ хамраа ил гаргах, эрүүн дороо унжуулах, чихнээсээ бариулыг нь зүүж орхиж болохгүй. Амны хаалт нь ам, хамрыг битүү далдалсан байх ёстой. Мөн хоёр цаг тутамд амны хаалтыг солих хэрэгтэй.

Амны хаалтыг солихдоо урд талаас нь гараараа барихгүй, зөвхөн хоёр бүчнээс нь барьж тайлна. Ингээд хэрэглэсэн амны хаалтаа ил задгай хаяхгүй, битүү зориултын саванд хийгээд гарны эрүүл ахуйн байдлыг сахина.

Энд нэг зүйлийг онцлоход, ДЭМБ-аас даавуун амны хаалтыг зөвлөхгүй байгаа.  Харин нэг удаагийн буюу гурван давхар цаасан амны хаалтыг хэрэглэхийг анхааруулж байна.

Гуравдугаарт, айл өрх болон албан байгууллагууд хаалганы бариулаа нойтон даавуу, самбаагаар ороож зүүх болж. Энэ бол хамгийн буруу. Үүний оронд хоёр цаг тутамд хүний гар хүрсэн хэсгүүдэд чийгтэй цэвэрлэгээ хийх ёстой. Цэвэрлэгээ хийхдээ хлор агуулсан бодисыг үйлдвэрлэгчийн зөвлөсний дагуу найруулж ашиглах ёстойг зөвлөж байна.

Дөрөвдүгээрт, манай иргэд дур мэдэн агаарт спиртийн төрлийн бодис тэр ч бүү хэл архиар цацлага хийж байгаа талаар цахим орчинд шуугих болсон. Энэ үнэхээр буруу. Харин үүний оронд гэртээ болон албан тасалгаандаа 15 минут тутамд агааржуулалт хийх хэрэгтэй. Гэхдээ тасалгааг хэт хүйтэн болгож болохгүй. Учир нь эл вирус нь хүйтэнд тэсвэртэй.

Эцэст нь зөвлөхөд, өрх гэрийн гишүүн бүхэн өөрийн гэсэн аяга, таваг, халбага, сэрээтэй байж, хоорондоо холихгүй байх хэрэгтэй. Мөн нэг тавагнаас олноороо савхдаж иддэг хоолноос аль болох татгалзах шаардлагатай байна.

Тог тог… ХААЛГАА нээ

15 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.