Японы ажиллах хүчний хомсдол гүнзгийрч, байнгын ажилтан хайх болжээ

2017-10-13 Ертөнц

Японд ажиллах хүчний хомсдол жил өнгөрөх тусам нэмэгдсээр байнгын ажлын байранд ажилтан авах эрэлт хэрэгцээ жилийн дотор 260 мянгаар өсчээ. Хэдийгээр Япон улс ажиллах хүчний хомсдолтой ч түүнийг түр буюу цагийн ажилтнаар орлуулдаг байсан бол одоо байнгын ажлын байранд ч хүн хүч дутагдах болсон байна.

Ажилгүйдлийн түвшин нь 2,8 хувьд хүртлээ буурч, бараг ажилгүй хүнгүй болсон тус улсын компаниуд одоо боловсон хүчний хомсдлыг цагийн ажилтнаар нөхөж дийлэхээргүй болжээ. Өнгөрсөн ганцхан жилийн дотор байнгын ажлын байранд 510 мянга, түр ажлын байранд 360 мянган хүнийг авсан байна. Үүнээс өмнөх жилүүдэд түр ажлын байранд хүн авч ажиллуулах нь илүү түгээмэл байсан юм. Гэхдээ энэ нь эргээд эдийн засагтаа сөрөг нөлөөтэй болох нь ажиглагдсан. Тухайлбал, цагийн ажилтнуудын цалин хөлс бага, нийгмийн халамж тэтгэмжид хамрагдах нь муу, ажлын байрны аюулгүй байдал хангагдаагүй гэх мэт сул талтай. Байнгын ажлын байртай ажилтнууд цагийн ажилтнаас даруй 53 хувиар өндөр цалин авдаг гэсэн тооцоо бий. Гэтэл Японы нийт ажиллагсдын гуравны нэг хувь нь цагийн ажилтнууд аж. Тэгэхээр олон сая хүн бага цалин хөлсөөр ажиллаж, тэр хэрээр тэдний хэрэглээ , амьжиргааны түвшин доогуур байгаа нь эргээд эдийн засагтаа нөлөөлдөг байна.

Б.Номун

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.