Х.Энхжаргал: Монгол Улсын иргэдийн оффшор бүсэд байгаа мөнгөн дүнг тогтоох боломжгүй

2017-04-28 Парламент

Чуулганы танхимаас

УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тавьсан хүсэлтийн дагуу Оффшорын асуудлаар Хууль, зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийж, гишүүдийн дунд асуулт хариулт явууллаа.

С.Бямбацогт сайдын мэдээллийг тоймлон хүргэж байна. Тэрбээр “НҮБ-ын Авлигын эсрэг конвенц 2005 онд үйлчилж эхэлсэн. Үүнд 181 улс нэгдэж орсны дунд оффшор бүс болох Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс, Швейцар Луксенбүрг, Нидерланд, Кибер, Багам, Панам зэрэг улсууд нэгдэн оржээ. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцэд зааснаар төрийн албан хаагч эд хөрөнгө завших шамшигдуулах замаар олсон орлогыг хураан авах арга хэмжээг хүсэлт хүлээж авсан улс хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд тус конвенцэд тусгасан оффшор бүсэд байршуулсан хууль бус хөрөнгийг хураан авч авчруулах боломжтой. Харин хураагдахад харилцагчийн нууцлалтай холбоотой асуудал гэсэн шалтгаанаар хугацаа алдах хүндрэл байгаа мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллагаас тавьдаг. Хуулиар бол ХОМ гаргадаг төрийн албан хаагч оффшор бүсэд байгаа хөрөнгөө бусдад худалдах, шилжүүлэх үүрэг хүлээсэн. Хэрэв хууль биелүүлээгүй бол тухайн албан тушаалтныг эгүүлэн татах буюу халах, сахилгын хариуцлага хүлээлгэнэ. Харин оффшор бүсэд хууль бус мөнгөн хөрөнгө байршуулсан, хууль бусаар олсон хөрөнгөөр эд зүйл худалдан авсан бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгана. Ингээд гэм буруутай нь тогтоогдвол Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Засгийн  газар цаашид холбогдох байгууллагатай хамтран эрх зүйн орчинг боловсронгуй болгох, оффшор бүсэд хамаарах улс орны жагсаалтыг батлах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.

Энэ үеэр АТГ-ын дарга Х.Энхжаргал “Өмнө нь оффшор бүсэд Монголын иргэдийн 17 тэрбум ам.доллар байдаг” гэж яригдаж байсан бол “Монгол Улсын иргэдийн оффшор бүсэд байгаа мөнгөн дүнг тогтоох боломжгүй” гэдгийг тодруулсан юм. Учир нь оффшор бүсэд Монгол Улсын 49 иргэний мэдээлэл байдаг гэнэ. Үүнээс давхардсан тоогоор 29 иргэний 42 аж ахуй нэгж байгаа гэж одоогоор тогтоогдсон байна. Харин тэрхүү 29 хүний 20 нь одоо төрийн албанд ажиллаж байгаа аж. Гэхдээ АТГ тэдгээр хүмүүсээс байцаалт авсан гэнэ. Тэдний зарим нь бизнес хийх зорилгоор сонирхож үзсэн, зарим нь оффшор бүсэд байгаа хөрөнгөө Монгол руу оруулаад ирчихсэн байдаг аж. Тиймээс АТГ-ын дарга Х.Энхжаргалын тодотгосноор 17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байгаа гэдэг бол тогтоогдох үндэслэлгүй тоо гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Харин 29 хүний тухайд оффшорын асуудлаа цэгцэлсэн гээд, бүх бичиг баримтаа авч ирж, мэдүүлэг өгсөн болохыг хэлсэн юм.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Оффшор бүсэд мөнгө хадгалах, компани байгуулахад хориглосон хуулийн заалт байхгүй. Сая баталсан хуулиар төрийн албан хаагч, түүний хамаарал бүхий хүмүүс оффшор бүсэд үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Бусад жирийн иргэд бизнес эрхлэгчдийг оффшор бүсэд данс нээлгэхийг хориглоогүй” хэмээн тодруулав.

Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Нэг зүйл маш тодорхой харагдаж байна. 34 их наяд төгрөгийг нээчихсэн байна. Мөн 7.4 их наяд төгрөг чөлөөлөгдсөн. Харин нэг ч төгрөг улсын төсөвт ороогүй байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хэлж байгаагаар хариуцлага хүлээлгэж болно гэсэн ч холбогдох хуулиар хариуцлага хүлээлгэх зүйл хаагдчихажээ. Бид 7.4 их наяд төгрөгийг хаана байна вэ гэдгийг олох хэрэгтэй байна. Энэ хуулийн эрх зүйн өөрчлөлтүүдийг өөрчлөөд АТГ, холбогдох бусад яам, хуулийн байгууллагууд УИХ-д оруулж ирээсэй гэж хүсэх байна. Одоо энэ оффшор чинь сонгуулиар бие биенээ намнах хэрэгсэл болчихоод байна шүү дээ” гэв.

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийллээ. Одоо Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж эхэллээ.

О.Соёмбо

<

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.