Туркт 9000 цагдааг халав

2017-04-27 Ертөнц

Туркийн цагдаад алба хаадаг 9000 офицерыг улс төрийн эсэргүү Фетулла Гуллений үзэл санааг дэмждэг хэмээн ажлаас нь халсан байна.

Өнгөрсөн оны долдугаар сард Туркт цэргийн эргэлт хийхээр оролдсоны дараа эрх баригчид цэрэг, цагдаагийн албанд томоохон баривчилгаа явуулж, 40 мянган хүнийг баривчилж, 120 мянган хүнийг ажлаас нь халж, албанаас нь чөлөөлсөн юм. Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы эсрэг үзэл санааг түгээн дэлгэрүүлдэг хэмээн буруутгадаг Фетулла Гуллений талын хүмүүс төрийн эргэлт хийхээр оролдсон гэж эрх баригчид сэжиглэдэг. Тийм учраас Ерөнхийлөгчийн эсрэг үзэл бодолтой, Гуллений талын алба хаагчдыг арми, хүчний байгууллагаас “цэвэрлэх” хөдөлгөөн жил тойрон үргэлжилж буй бөгөөд саяхан 1000 шахам хүнийг баривчилсан мэдээ бий. Энэ тухай Туркийн Дотоод хэргийн сайд мэдэгдэхдээ “Гуллений сүлжээ арми, хүчний байгууллагад нэвтэрч, тэднийг “нууц имамууд” хэмээн нэрлэж, төрийн эсрэг хүчийг нь ашиглахаар санаархаж байна” гэжээ. Тиймээс Гулленийг дэмжигч нууц имамуудыг илрүүлэн баривчлах ажиллагаа цаашид ч үргэлжлэх бөгөөд зөвхөн цэрэг цагдаагаар зогсохгүй, багш, төрийн албан хаагч гээд энгийн иргэд ч улс төрийн тэрслүү үзэлтнийг дэмждэг хэмээн торны цаана орж байна.

Өнгөрсөн жилийн төрийн эргэлт хийх оролдлогын дараа Турк улс есөн сарын онц байдал зарлаад байснаа саяхан дахин гурван сараар сунгасан юм.

Энэ бүхний гол буруутан гэх исламын шашны номлогч Фетулла Гуллен АНУ-ын зөвшөөрлөөр тус улсад орогнож байгаа юм.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.