Монгол Улсад гадаадын иргэн оршин суух 29 төрөл байдаг

2019-10-17 Uncategorized
Д.Мөрөн: Монгол Улс Нигерийн иргэдэд виз олгохыг түр хугацаагаар зогсоосон

Гадаадын иргэн харьяатын газраас өнөөдөр (2019.10.17) мэдээлэл хийж, үйл  ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар гадаадын 28268 иргэн оршин сууж байна. Үүнээс Дорнод аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн чиглэлд 1000 гаруй иргэн байгаа бол Өмнөговь аймагт 1500 гаруй гадаадын иргэн байдаг байна. Монгол Улсад гадаадын иргэн оршин суух 29 төрөл байдаг. Үүнээс таван төрлөөр нь гадаадын иргэн сууж байгаа аж. Тухайлбал, гадаадын иргэнтэй гэр бүлж төрсөн хүүхэд, хөдөлмөр эрхлэгч, суралцагч, хөрөнгө оруулагч, цагаач гэсэн төрөл байдаг байна.

Сүүлийн үед Монголд суралцах гадаад оюутны тоо өсөж байгаа гэнэ. Одоогоор суралцах чиглэлээр 2773 гадаадын иргэн байгаа юм байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 28 хувиар өсжээ. Эдгээр нь МУБИС, МУИС, АШУҮИС, СУИС, ХААИС-д сурдаг бөгөөд улсаар нь ангилбал, БНХАУ-ын  2156 иргэн байдаг. Үүний 95 хувь өвөрмонголчууд байдаг. Харин ОХУ-ын 340, БНСУ-ын 145, Японы 89, Лаосын 58 оюутан суралцаж байна. Тэгвэл хөрөнгө оруулалтын чиглэлээр 2989 гадаадын иргэн байгаа бол цагаачаар амьдарч байгаа 1927 иргэн байгааг хэлэв. Тэрбээр, үргэлжлүүлэн “Монгол Улсад оршин суух гадаадын иргэн нийт хүн амын гурван хувьтай тэнцэх ёстой. Хүн амын гурван хувь гэхээр 97154 гадаадын иргэн байх ёстой юм. Одоогоор 28268 иргэн байгаа нь хууль зөрчөөгүй байгаа юм. Тэгвэл нэг улсын иргэн нийт хүн амын нэг хувь байх ёстой. Одоогоор Монгол Улсад хамгийн их нь 13248 БНХАУ-ын иргэн байгаа. Энэ нь хүн амын нэг хувьд хүрэхгүй. Тиймээс гадаадын иргэн хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй. Монгол Улсад гадаадын иргэнд виз олгох эрхтэй  гурван суваг байдаг. Түүний нэг нь манай газар. Манайх 30 хоногоос дээш хугацаагаар зорчих визийг олгодог. Энэ чиглэлээр эхний арван сард 144 улсын 23111 иргэнд энэ төрлийн визийг олгосон. Виз олголт өнгөрсөн оны мөн үеэс өссөн.Энэ нь аялал жуулчлалтай холбоотой” гэсэн юм.

Мөн тэрээр гадаадын иргэний хөдөлмөр эрхлэлт асуудал дагуулж байгааг дурдав.  Өнөөдрийн байдаар 87 улсын 9929 иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байна. Үүнээс хамгийн их нь буюу БНХАУ-ын 8522 иргэнд ажиллах зөвшөөрөл өгсөн. Үүнээс одоогоор 6000 хятад иргэн нь иржээ.  Нийт зөвшөөрлийн 82 хувийг эзэлж байгаа бөгөөд газрын тос, зам гүүр, уул уурхайн чиглэлээр ажилладаг байна. Тэгвэл Вьетнамын 193 иргэн авто засварын чиглэлээр ажиллаж байгаа гэнэ.

Түүнчлэн гадаадад үрчлүүлсэн монгол хүүхдийн тоо 271 болжээ. Үүний 171 нь АНУ-д, Франц, Италид тус бүр 20 хүүхэд үрчлүүлсэн байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд 1289 иргэн Монгол Улсын харъяатаас гарсан байна. Энэ онд гэхэд эхний арван сарын байдлаар 227 иргэн иргэншлээс татгалзжээ. Нийт иргэншлээс татгалзсан 1289 иргэний 870 нь казах иргэн Казахстан Улсын иргэн болохоор иргэншлээсээ татгалзсан байна. Тэгвэл сүүлийн гурван жилд 66 иргэн иргэншлээ сэргээлгэжээ. Үүнээс гадна энэ онд 22 улсын 372 иргэнийг албадан гаргасан байна. Эдгээрийн дийлэнх нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байжээ. Сүүлийн үед гаднын иргэн хар тамхины хэрэгт холбогдох тохиолдол бүртгэгдэж байгаа. Үүнтэй холбоотой зарим улсын иргэн ч хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Энэ дагуу Монгол Улс Нигер улсын иргэдэд виз олгохыг түр хугацаагаар зогсоосон байна.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.