Бохир хальж урссан хэсэгт халдваргүйтгэл хийжээ

2019-09-30 Байгаль орчин

Бохир хальж урссан хэсэгт халдваргүйтгэл хийжээ

Налайх дүүргийн нэгдүгээр хороонд энэ сарын 28-нд улаан өнгөтэй бохир ус хальж урссантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь шуурхай ажиллаж, хяналт шалгалт хийжээ.

Бохир хальж урссан хэсэгт халдваргүйтгэл хийжээ

Шалгалтын явцад бохирын цооног хальж урссан байсан тул нэн тэргүүнд “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т дуудлага өгсөн ба тус газраас Ус сувгийн удирдах газраас харьяа бохирын цооног, худгаа лайдаж цэвэрлээгүйгээс бөглөрч хальсан гэх тайлбарыг өгсөн байна.

“Чандмань Налайх” ОНӨААТҮГ нь гэрээний дагуу “Рефон” ХХК-иас 15, “Ундарга хайрхан” ХХК-иас 16, нийт 31 тонн бохирыг энэ сарын 28-нд зориулалтын тээврийн хэрэгслээр зөөж бохирын цооног руу хийжээ. Харин Ус сувгийн удирдах газрын ажилтан “Энэ сарын 28-нд бохир хальж урссан худаг дээр бөглөрөл үүссэн тул цэвэрлэсэн. Механик хольц ихтэй бохир ус нийлүүлснээс болж дахин бөглөрч худгаас хальсан” гэсэн тайлбарыг өгчээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас бохир ус хальж урссан хэсэгт ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлжээ. Налайх дүүрэгт мал нядлах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг дөрвөн компани байдаг ба бүгд төвлөрсөн бохир ус зайлуулах системд холбогдоогүй, гэрээгээр буюу зөөврийн аргаар бохир усаа зайлуулдаг аж. Шалгалтын явцад “Алтай чандмань”, “Шижир зул”, “Гомбохайрхан” ХХК-иудын бохир ус хадгалах цооног бөглөрсөн байсан учир үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ. Бөглөрлийн шалтгаан нь бохирын худгууд битүүмжлэлгүй байгаа нь иргэд элдэв хог хаягдлаа хаях нөхцөлийг бүрдүүлсэн, дээрх компаниуд бохирын цооногт бөглөрөл үүсгэх хэмжээний хольцтой бохир усаа хийсэн байж болзошгүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллагаас үүссэн шалтгаан, нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.