Одоо байгаа хуулиар гадны банк орж ирээд үйл ажиллагаа явуулах боломжтой

2017-04-25 Эдийн засаг

MICC” үнэт цаасны компанийн ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэтэй ярилцлаа. Манай улсад гадаадын банкууд орж ирсэнээр зээлийн хүү буурч, санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх боломж бүрдэнэ хэмээн бизнес эрхлэгчид, олон нийт итгэж, өндөр хүлээлттэй байна. Нөгөөтэйгүүр, гадны банк орж ирсэнээр үүсч болзошгүй эрсдлийг олон талаас нь нухацтай бодох ёстой гэсэн байр суурийг эдийн засагчид хэлдэг. Уг шаардлагатай уялдуулж чуулганаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Иймд хөрөнгө оруулалтын чиглэлээр манайд хамгийн өндөр туршлага хуримтлуулсан мэргэжлийн хүний бодлыг хүргэхийг зорилоо.

-Чуулганаар Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор гишүүд янз бүрийн байр суурь илэрхийлэх боллоо. Зарим нь хуулийн төслийг яаралтай батлах шаардлагатай гэж байгаа бол нөгөө хэсэг нь уг хуулийг батлах шаардлагагүй гэж үзэж байна. Та хөрөнгө оруулалтын банкны тухай ойлголтыг эхлээд өгөхгүй юу?

-Хөрөнгө оруулалтын банк нь олон улсад Үнэт цаасны хуульд зохицуулагдаад үйл ажиллагаагаа явуулдаг. Компаниудад хөрөнгө санхүүжилтыг босгож өгөх зорилгоор хувьцаа, бондыг гаргахад нь андертайтерийн үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, зуучилж, хөрөнгө оруулагч нарт танилцуулж, худалдаж өгдөг компани юм. Хоёрдугаарт өдөрт тутмын үйл ажиллагаа болон хөрөнгө оруулагчид, том сангуудын хувьцаа бондыг бирж дээрээс худалдаж авах, зарах үед нь үйлчилж брокерын үйл ажиллагаа явуулдаг. Монголд байгаа одоогийн хуулиар гадаадын хөрөнгө оруулалтын банк андеррайтер, брокерын лицензээ аваад ажиллах боломжтой. Тэрбум төгрөгтэй бол андеррайтерын лиценз, 200 сая төгрөгтэй бол брокерын лиценз авч болно.

-Тэгэхээр манайд гадаадын арилжааны банкууд болон хөрөнгө оруулалтын банкууд үйл ажиллагаа явуулахад эрхзүйн орчин нь байгаа гэсэн үг үү?

-Нэгдүгээрт, зах зээл хөгжөөгүй учраас гадны том банкууд манайд ажиллах бололцоогүй байгаа юм. Дээрх хууль батлагдсан ч хөрөнгийн зах зээл нь байхгүй болохоор гадны хөрөнгө оруулалтын банк орж ирэхгүй. Хоёрдугаарт, одоо байгаа хуулиараа явж болохоор байгаа. Хууль батлах гээд байгааг юу гэж харж байна гэвэл дотоодын арилжааны банкуудын үйл ажиллагааг хамгаалах гэсэн сонирхол юм болов уу. Гадны банкуудыг заавал өөр тоглоомын дүрмээр тоглуулах гэсэн, үйл ажиллагааг нь өөр зүйл рүү чиглүүлж, хязгаарлаж, ингээд өөрсдөө зах зээлээ хамгаалж үлдэх гэсэн лобби юм уу гэж харж байна. Одоогийн байгаа Арилжааны банкуудын хуулиар гадаадын арилжааны банкууд манайд үйл ажиллагаа явуулах эрх авч явах бололцоотой. Хөрөнгө оруулалтын банкууд нь Санхүүгийн зохицуулах хороонд хандаад андеррайтер, брокерын лицензээ аваад явж болно.

Хөрөнгө оруулалтын банк гэсэн гоё нэр ярихаар хүмүүс том банкууд орж ирээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд явах юм шиг ойлгоод байдаг. Гэтэл хөрөнгө оруулалтын банк гэдэг чинь бас л зуучилдаг газар. Нэг талдаа хувьцаа, бонд авах гэж байгаа хүн, нөгөө талдаа хувьцаа, бонд гаргах гэж байгаа компани хоёрыг л холбодог. Гэтэл манайд зарах хувьцаа нь алга. Монголын хөрөнгийн бирж дээр өдөрт дээд тал нь 100 сая төгрөгийн арилжаа явагдаж байна. Гэтэл өдөрт 100 сая ам.долларын хувьцаа бондын гүйлгээг хэдэн арваар нь хийж байгаа гадны банкууд манай жижиг зах зээлийг сонирхохгүй.

-Тэгвэл зах зээл нь жижиг, өөрийн сонирхлоор гадны банкууд орж ирэх магадлал бага энэ үед хууль баталж гадаадын хөрөнгө оруулалттай банкуудыг тоглоомын өөр дүрмээр тоглуулж, дотоодын арилжааны банкуудыг хамгаалах механизм хийж байгаа нь буруу юу. Таны ярианаас Монголын ч бай, гадаадын ч бай банкууд ижил дүрмээр тоглож өрсөлдөх ёстой гэсэн санаа цухалзаж байна?

-Арилжааны банкуудын зах зээлээ хамгаалж явж ирсэн нь олон жил үргэлжилж сүүлдээ эдийн засагт том хүндрэл учруулахаар болоод байна. Зах зээлийг чөлөөтэй болгосноор дандаа хэрэглэгчид хождог. Тиймээс гадны банк орж ирснээр валютын урсгал өснө. Банкны үйлчлүүлэгчид, хэрэглэгчид бол Монголын ард түмэн юм. Энэ 3 сая хүн үр өгөөжийг нь хүртэнэ. Одоо 30 хувийн зээлийн хүү төлж байгаа бол гадны банк орж ирснээр 20 хувь, том компаниуд нь 10 хувь, түүнээс доош төлж эхлэнэ. Тэр хэмжээгээр хэмнэлт гарна. Аж ахуй нэгжийн ашиг тэр хэмжээгээр өснө. Үүнийг хурдан хийж, гадны арилжааны банкуудыг оруулж ирэх хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалтын банкны хуулиар хязгаарлаад байгаа нь тэдгээрийг оруулахгүй байх нэг арга юм болов уу гэж бодогдож байна.

-Сүүлийн жилүүдэд банкны өндөр хүү, зээлийн эх үүсвэрийн хомсдол, хугацаа давчуу нөхцөлөөс болж бизнес эрхлэгчид, иргэд гадны банк оруулж ирэхийг хүсэх болсон. Энэ талаар идэвхтэй ярьж байна. Гэтэл гадны банк орж ирснээр дотоодын арилжааны банкуудад томоохон цохилт болно. Тэгэхээр дотоодын арилжааны банкуудын зах зээлийг хамгаалсан зохицуулалтыг давхар бодолцох ёстой гэж үзэх хүн олон байна? 

-Нэг талдаа дотоодын банкуудын ашгийг хамгаалж байгаа юм шиг боловч нөгөө талдаа дотоодын хэдэн арван мянган компаниудын ашиг болон хувь хүмүүсийн орлоготой холбоотой асуудал байна. Үүнийг дэнслэх хэрэгтэй. Олон улсын жишгийг харвал гадны банк оруулаагүй улс маш цөөн. Хойд Солонгос мэтийн цөөн улсыг нэрлэж болно. Нэгдүгээрт, гадны банкууд манай зах зээлийг сонирхоод орохыг хүсээд байгаа юм биш. Манай зах зээл жижиг, хүн ам цөөн тул гадны банк орж ирэх сонирхол бага байна. Хоёрдугаарт, орж ирнэ гэсэн үед нь хязгаарлалт тавьчихаж болохгүй. Одоо аль болох урьж авчирах ёстой.

Үүнд “Мобиком”-ын жишээг татаж болно. “Мобиком” Японы хөрөнгө оруулалттай, “Скайтел” Солонгосын хөрөнгө оруулалттай байсан. Анх энэ хоёр компани харилцаа холбооны салбарт өрсөлдсөнөөр үнэ буурсан. Сүүлд “Юнител” орж ирсэн. Үнэ бас л буурсан. Үүний дүнд бид хямд өртгөөр утсаар ярьж байна. Манайд гар утасны нэг минутын ярианы төлбөр дэлхийн бусад улстай харьцуулахад тун бага байгаа. Бараг хүн бүр гар утас хэрэглэж байна. Тэгэхээр харилцаа холбооны салбарт өрсөлдөөн бий болсноор Монголын гурван сая хүн л хожсон. Гадны хөрөнгө оруулалт байх эсэх нь чухал биш. Гол нь өгөөжийг нь нийт хүн ам хүртэж байх учиртай. Мөн “Мобиком” Япон эзэнтэй ч Монголын хуульд захирагдаж, татвараа төлөөд явж байна. Гадны банк орж ирснээр бас ийм л үйл явц болно.

-Гадны төрийн банк орж ирвэл хэрхэх вэ, ийм банкаар дамжиж төрийн бодлого нь хэрэгжих юм биш үү?

-Тухайлбал, “Bank of China”-г хэлж байгаа байх. Гадны банкууд орж ирээд Монголын банкуудтай өрсөлдөөд бүх бизнесийнхэнд зээл өгөөд байхыг бодохгүй болов уу. Том аж ахуй нэгжид зээл өгнө. Эсвэл бусад банкинд их хэмжээний зээл өгөх байх гэж бодож байна. Мэдээж гадны банк орж ирснээр өөрийн орныхоо бизнесийг түлхүү дэмжээд явдаг жишиг бий. Жишээ нь Монгол, Хятадын хооронд маш их хэмжээний худалдааны эргэлт бий. Үүнд илүү их хөрөнгө оруулаад, санхүүжилтийг хийгээд явна гэсэн үг.

Төрийн өмчтэй л компани болохоос бус яг тэр банкаар дамжуулаад бодлогоо хэрэгжүүлэх үү, үгүй юу гэвэл бас эргэлзээтэй шүү дээ. Хятадын том банкууд бүгд төрийн оролцоотой боловч хувьцаат компани байдаг. Тиймээс нээлттэй гэсэн үг. Хоёрдугаарт, төрийн өмчтэй ч бай, хувийн өмчтэй ч бай компанийн зорилго бол ашиг. Ашигтай, зөв, буцаагаад зээл нь төлөгдөх компанид л зээл өгнө үү гэхээс биш улсын бодлого хэрэгжүүлж байна гээд алдагдалтай зээл гаргаад байхгүй болов уу.

Монголын томоохон арилжааны банкуудын дүрмийн сангийн хэмжээ 200-300 сая ам.доллар. Иймд хуулиараа Монголын банкуудын нэг төсөл, зээлдэгчид зээл гаргах дээд хэмжээ ойролцоогоор 50-60 сая ам.доллар шүү дээ. Тэгэхээр зэрэг Монголын эдийн засгийг тэлэх тусам том төслүүдийг санхүүжүүлж чадах том банкууд хэрэгтэй. Дэлхийн том банкууд байж том төслүүдийг явуулах боломж олгох байх. Төмөр замын төсөл гэхэд нэг тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж ярьдаг. Төмөр замыг хөрөнгө оруулалтын банк хөрөнгө оруулаад хийдэг зүйл биш. Ихэвчлэн төслийн санхүүжилт хийдэг Франц, Америкийн арилжааны банкууд иймэрхүү дэд бүтцийн төсөл дээр сайн ажилладаг. Тэгэхээр энэ мэт банкинд санал тавиад урьж авчирах хэрэгтэй. Нийт эдийн засаг нь томроод байвал манай банкууд ч гэсэн ашигтай болно.

-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр арилжааны банкуудад активын чанарын шалгалт оруулна. Нөхцөл байдлыг хэр бодитой үнэлж чадах бол. Манайд зарим томоохон банк бизнесийн салбар руу ороод байна гэж харддаг. Гэвч хэн ч нотлохыг хичээлгүй өдийг хүрсэн?

-Баталж хэлэхэд хэцүү. Аудит хийсний дараа ил тод болж магадгүй. Ер нь Монголын банкууд өөрсдөө янз бүрийн бизнес хийгээд байгаа шүү дээ. Өөрсдийн бизнесийг санхүүжүүлэх, дээрээс нь холбоотой төслүүдээ санхүүжүүлэх зэрэгт мөнгөө гаргаад эсвэл засгийн газрын бондыг аваад яг хэрэгцээтэй компаниудад өгдөггүй ч байж болох юм. Энэ нь нүдэнд ил үзэгддэггүй. Банкууд өөрсдөө бизнес хийгээд байхаар зах зээл дээр мөнгө байхгүй болчихоор хүү өндөр байдаг гэх мэтээр энэ бүхний хариултыг авахыг хүн бүр хүсч байгаа.

Зээлийн хүү их өндөр болохоор компаниуд дээшээ гарахад тун хүнд байна. Олон улсын жишгээр бизнесийн ашиг 10-20 хувь байдаг. Гэтэл 30 хувийн хүүтэй зээлээ төлчихөөд дээрээс нь 10-20 хувийн ашиг гаргана гэхээр маш их ур чадвар шаарддаг. Дээрээс нь санхүүжилтын хугацаа нь маш бага. Компаниуд энэ бүхнээс болоод томорч чаддаггүй. Ингээд том болж чадахгүй болохоор хөрөнгийн бирж дээр гарч чаддаггүй. Ашигтай ажиллаж, том болж байж л бирж дээрх хувьцаагаа гаргана шүү дээ.

-Томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкийг байгуулсан. Гэвч эхний удаад үр дүн харагдсангүй. Харин ч Монголыг өрөнд унагалаа?

Арилжааны банкууд нь том зээл гаргахгүй болохоор Хөгжлийн банк байгуулаад түүгээрээ том төслүүдээ санхүүжүүлэх гэж оролдсон. Тэгэхээр улс төрд илүү нөлөөтэй нь зээл аваад, санхүүжүүлсэн төсөл нь эдийн засгийн өндөр ашигтай биш байснаас ийм зүйл болсон байх. Хэрэв гадны банк орж ирээд зээл өгсөн бол гурав, дөрвөн цементийн үйлдвэрт нэг зэрэг зээл өгөх үү, үгүй юу. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг судлана шүү дээ. Төслүүд маань зах зээлийнхээ гольдирлоор л шийдэгдэх ёстой. Гэхдээ миний ойлгосноор Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт оруулаад цаашид зах зээлийн зарчмаар явж байх шиг байна. Цаашид гадны банк оруулж ирвэл төслүүдийг зах зээлийнх нь гольдирлоор шалгаруулаад санхүүжүүлээд явах болов уу гэж харж байна.

-Сүүлийн асуултаа эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбож тавья. Азийн хөгжлийн банкнаас манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.5 хувь байна хэмээн төсөөлсөн. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлөн гэсэн. Тэгвэл Дэлхийн банк энэ онд өсөлт 0 хувьтай байна хэмээсэн. Тэд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байгааг хүлээн зөвшөөрсөн ч үнэ унах, хөрөнгө оруулалт сэргэхгүй байх зэрэг эрсдэлд түлхүү ач холбогдол өгсөн учир ийн таамагласан гэсэн. Та нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

Энэ жил өсөлт гарах байх, Азийн хөгжлийн банкны төсөөлөлтэй дөхөж очих болов уу гэж бодож байна. Гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа, Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтаар энэ жил нэг тэрбум ам.доллар орж ирэх нь тодорхой болсон. Дээрээс нь нүүрсний үнэ өссөнөөр экспорт нэмэгдэж байна. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” энэ онд 11 сая тонн нүүрс гаргана гэсэн шүү дээ. Боомт, тээвэрлэлтийн байдлаас болоод энэ зорилтоо хангаж чадах эсэхийг мэдэхгүй ч энэ тоонд дөхөх байх. Нөгөөтэйгүүр, бид гадаадын хөрөнгө оруулалтыг уул уурхайгаас гадна бусад тухайлбал банк, санхүүгийн салбарт татаж эдийн засгаа солонгоруулах шаардлагатай байна.

Г.Бат

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.