Г.Төмөрхуяг: Гадаад худалдааг түншийн үгэнд найдаж хийж болохгүй

2019-08-30 Эдийн засаг

 

МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад худалдааны академийн дарга Г.Төмөрхуягтай гадаад худалдааны менежер хэрхэн бэлтгэгддэг болон тус академийг төгссөнөөр бизнест ямар ач холбогдолтой талаар ярилцлаа.

– МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад худалдааны академийн 25 жилийн ой энэ онд тохиосон байх аа. Энэ хугацаанд гадаад худалдаа, санхүү, бизнесийн чиглэлээр олон хүнийг мэргэшүүлэн төгсгөжээ. Энэ бүхнийг дурьдаж байгаа нь таньтай МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад худалдааны академийн талаар товч ярилцлага авах гэсэн юм?

– 1994 онд МҮХАҮТ-ын “Зах зээл судлалын хүрээлэн”-гийн дэргэд “Гадаад худалдаа, бизнесийн сургалтын төв”-ийг анх үүсгэн байгуулсан түүхтэй. Энэ нь өнөөгийн Гадаад Худалдааны Академийн эхлэл байлаа. Ийнхүү үйл ажиллагаагаа явуулсан 25 жилийн хугацаанд Гадаад худалдааны менежерийн Эчнээ, Даваа, Пүрэв, Бямба гарагийн 55 ангийг 1460 гаруй хүн төгссөн. Үүнээс гадна гадаад худалдаа, бизнес эрхлэгч, Танхимын гишүүн болон гишүүн бус аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулан богино хугацааны сургалтуудыг нийт 1800 удаа 36 мянга орчим хүнд зохион байгуулаад байна.

– Өнгөрсөн жил “Нийлүүлэлтийн гинжин хэлхээ” сургалтыг зохион байгуулж байсныг мэдэх юм. Тэрхүү сургалтаар импортын барааг хил гаалиар нэвтрүүлэхэд тулгардаг бичиг баримт бүрдүүлэх зааврыг голчлон өгч байсан.  Ер нь богино хугацааны сургалт гэдэгт ямар сургалтууд орж байна вэ?

-Богино хугацааны сургалт гэдэгт Захирлуудад зориулсан “СЕО” сургалт, Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт, Даргын туслах бэлтгэх, Талх нарийн боов үйлдвэрлэлийн сургалт болон Байгууллагын захиалгат сургалтууд ордог. Мөн таны хэлсэнчлэн “Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн бэлтгэх” сургалтыг амжилттай зохион явуулж байсан. Одоо эдгээр сургалт явагдахаа больсон, бид хөтөлбөрөө шинэчилж, цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагад илүү нийцүүлж өөрчилсөн.

– Ер нь гадаад худалдааны менежерүүд худалдаа бизнесийг явуулахад яг ямар үүрэгтэй хүмүүс вэ?

– Маш чухал үүрэгтэй. Манайхны ихэнх нь өдийг хүртэл гадаад худалдаа, бизнесийн түншлэлд хар практикаар, ямар нэг судалгаагүй, мэргэжлийн бус хандаж ирсэн. Нэг ёсондоо хэрэглэгчээ сайн мэдрэхгүй, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ судлахгүйгээр бараагаа зарах гээд зүтгүүлээд байдаг гэсэн үг л дээ. Бас түншлэх хүмүүстэйгээ харилцах арга зүйгээ сайн олохгүй байна. Гэтэл бүх зүйл хурдацтай өөрчлөгдөж байна, ямар ч худалдааны хэлэлцээ бизнесийн өндөр харилцаанд хийгдэж байна. Ийм үед худалдан авагчийнхаа хэрэгцээ шаардлагаас гадна хүсэл сонирхол, хувь онцлог, тэр байтугай дуртай өнгө, үнэр амтыг нь ч нарийн судалж бүтээгдэхүүнээ нийцүүлэх ёстой. Ганц жишээ дурдъя, бид Хятадад онлайн худалдааны платформыг сонирхож тэр чиглэлийн хүмүүстэй уулзахад “Та нар Чингис хааны зурагтай арьсан дээрх ханы зураг, дурсгалын зүйлс заруулах гээд байна. Хятад хүмүүс тэрийг чинь сонирхохгүй. Харин Мао Зедуны зурагтай хийгээд өгвөл бид хэдэн зуугаар нь зараад өгч чадна” гэж байсан. Тэгэхээр гадаад худалдааг хийхдээ аль болох зах зээлээ мэдэрч, худалдан авах хүмүүсийнхээ талаар судалгаатай хандах ёстой. Үүнд онол, практик талаасаа өндөр чадвар  эзэмшсэн гадаад худалдааны менежерүүд хэрэгтэй.

– Захирлуудад зориулсан сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

– Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын хурдацтай өөрчлөлтөд өөрийн компанийн тогтвортой байдлыг хангах, бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэх, ажилтнуудынхаа бүтээмжийг дээшлүүлэх гээд олон шийдвэрлэх асуудал компанийн захирлуудад байнга тулгарч байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхэд “Захирлуудад зориулсан CEO сургалт” туслах юм. Сургалтад хамрагдсанаар  байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйл, стратиги, мэдлэгийн болон хүний нөөцийн менежмент, манлайлан удирдах ур чадвар зэрэг удирдах ажилтнуудад нэн тэргүүнд шаардлагатай сэдвүүдээр 2 өдрийн турш салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн бизнесмен, эрдэмтэн багш нарын лекц сонсоно. Мөн томоохон байгууллагуудын захирлуудтай туршлага солилцож, бизнесийн хүрээгээ өргөжүүлэх боломтой юм.

– Танай академийг төгссөн хүмүүс улс орныхоо өнцөг бүрт амжилттай бизнес эрхэлж байгаа. Өнөөгийн манай бизнес эрхлэгчдэд нэн хэрэгцээтэй мэдээлэл, боловсролыг олгодгоороо танай академийн сургалтын онцлог гэж ойлголоо. Зөв үү?

– Одоогийн бизнес эрхэлж байгаа залуучуудын бизнес, ажилдаа хандах хандлага их өөрчлөгдсөн байна. Өмнө нь ямар нэгэн гадаад худалдаа хийхдээ онолын болон практик туршлага байхгүй, хүмүүсийн хэлснээр, гадаадын түншийнхээ үгээр бизнес хийдэг. Ингэснээр өөрт ямар нэгэн ашиггүй, хохирол амсах, хугацаа алдах зэрэг олон бэрхшээл гардаг байсан. Өдгөө манай бизнес эрхлэгчид ямар нэгэн гадаад худалдаа хийхдээ ямарваа нэгэн эрсдэл, хохиролгүй хийхийг илүүд үздэг болсон байна. Ингэхийн тулд наад зах нь тухайн зах зээл, үнэ ханшийг судлах, хэрхэн маркетинг явуулах, гэрээ контрактаа яаж байгуулах. Мөн төлбөр тооцооны ямар хэрэгсэлийг сонгох, гарал үүслийн бичиг баримтыг хаанаас хэрхэн авах, гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийг яаж зөв бүрдүүлэх, тээврийн ямар нөхцөл, баталгаа, даатгалаар эрсдэлгүй тээвэрлэх, ямар нэгэн маргаан үүсвэл хаана хандах зэрэг иж бүрэн мэдээлэл, мэдлэгийг олж авах нь туйлын чухал гэдгийг мэддэг болсон. Эдгээр болон бусад чиглэлээр манай академи мэргэжлийн багш, эрдэмтэн нараар онол, практикийн хослуулан явуулдгаараа давуу талтай.

– Ийм иж бүрэн гадаад худалдааны мэдлэгийг ямар хугацаанд олж авах уу. Бизнес эрхлэгчид тун зав муутай хүмүүс шүү дээ?

– Манай академийн хичээлийн хуваарь уян хатан гэж ойлгож болно. Бизнес эрхлэгчид маань дийлэнхи тохиодолд өдрийн цагаар өөрсдийн ажил төрөлтэй байдаг учир хичээлийн хуваарийг 7 хоног бүрийн Пүрэв юм уу Бямба гарагийн аль нэгийг сонгоно. Хичээл нь тухайн гарагийн 10:00-19:00 цагийн хооронд явагддаг. Нийт 15 модуль, 60-70 сэдэвтэй, 410 цагийн хичээл ордог гэсэн үг.

– Гадаад худалдааны менежер бэлтгэх ангиас өөр үндсэн анги  байгаа юу?

– Академи нь гадаад худалдааны менежерийн ангийн хөтөлбөрт онцгой анхаарал, ач холбогдол өгдөг. Үүнээс гадна судалгаанаас харахад манай аж ахуйн нэгж, байгууллагууд дээрх сургалтаас гадна англи хэл, санхүүгийн чиглэлээр тодорхой мэдлэг, боловсрол олж авах сонирхолтой байдаг. Иймээс энэ жилээс эхлэн бид “Бизнес англи хэл”, “Санхүүгийн менежер бэлтгэх сургалт”-ыг тус тус 1 жилийн сургалтын хөтөлбөртөө нэмэж оруулсан. Дүгнээд хэлбэл, “Гадаад худалдааны менежер”, “Санхүүгийн менежер” бэлтгэх болон “Бизнес англи хэл” гэсэн үндсэн 1 жилийн 410 цагийн сургалт, дээр нь богино хугацааны “Захирлуудад зориулсан “СЕО” сургалт /улирал бүр/, Компанийн засаглалын гэрчилгээ олгох /сар бүр/, Даргын туслах бэлтгэх /1 сар, Бямба гараг бүр/, Богино хугацааны сэдэвчилсэн /50 гаруй төрөл бүрийн сэдэвтэй, 1 сэдэв- 4 цаг/ сургалтуудыг зохион явуулна. Мөн Герман улсын GIZ болон Азийн сангийн төслийн хүрээнд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд” сургалтыг зохион явуулдаг байгаа.

– Хэлгүй бол хөлгүй гэгчээр англи хэлний сургалтыг хүн бүр сонирхох болсон. Танай академи ч мөн энэ хэрэгцээ шаардлага дээр үндэслэн шинэ анги нээсэн юм байна. “Бизнес англи хэл” сургалт хэрхэн явагдах вэ?

– Зах зээлийн харилцаа улам тэлж хөгжих тусам гадаад хэлийг сурах, мэдлэгээ дээшлүүлэх зайлшгүй шаардлага гарч ирж байна. Ялангуяа бизнес эрхлэн явуулж байгаа болон явуулах гэж байгаа хүмүүст англи хэлний мэдлэг чухал байдаг тул “БИЗНЕСИЙН АНГЛИ ХЭЛ”-ний 1 жилийн сургалтыг сонирхсон байгууллага, хүвь хүмүүст зориулан зохион байгуулна. Энэ сургалтын хөтөлбөрийг дүүргэснээр гадаад худалдаа, олон улсын бизнес, банк санхүүгийн салбарт өргөн нэвтэрсэн нэр томьёо, ойлголтыг мэдэж авах боломжтой. Сургалтыг гадаадын болон монгол багш нар заах бөгөөд төгсөгчдөд гэрчилгээ олгоно.

– Товч бөгөөд тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Хэрэв академийн сургалтыг сонирхвол хэрхэн холбогдож, тодорхой мэдээлэл авах вэ?

– Сонирхсон аж ахуйн нэгж, байгууллага, хүвь хүмүүс https://www.facebook.com/academychamber  хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Нэмж хэлэхэд, манай сургалтууд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудад тухайн байгууллагын гишүүнчлэлээс хамаараад 5-25 хувийн хөнгөлт үзүүлдэг юм.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.