Амазоны түймрийг унтраахад 20 сая еврогийн тусламж үзүүлнэ

2019-08-27 Ертөнц

“Их 7”-гийн орнууд Амазоны түймрийг унтраахад 20 сая орчим еврогийн тусламж үзүүлэхээр болсныг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгджээ.

“Амазоныг сүйрүүлж буй түймэртэй тэмцэхэд бид тодорхой шалтгааны улмаас арга хэмжээ авах ёстой. Амазон бол дэлхийн уушги бөгөөд түймэр ямар уршиг дагуулах нь тодорхой. Тиймээс “Их 7”-гийн удирдагчид баасан гарагийн оройноос хойш энэ асуудлыг хэлэлцэж, дор хаяж 20 сая орчим еврогийн санхүүгийн дэмжлэгийг яаралтай үзүүлэхээр боллоо” гэж тэрбээр Францын Биарриц хотноо болсон “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын явцад зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Францын Ерөнхийлөгчийн хэлснээр, “дэлхийн уушгийг” алдах нь дэлхий нийтийн асуудал юм.

Тэрбээр мөн Амазоныг хамгаалах төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр албан ёсоор хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгааг мэдээлсэн байна. Уг төслийг Амазоны бүсийн бүх оронтой хамтран боловсруулна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.