Францын сонгуулийн тухай таны мэдэх ёстой бүхэн

2017-04-21 Ертөнц

Франц улс төрийн тэргүүнээ шинээр сонгох гэж байна. Брексит, Трампын ялалт гээд барууны ертөнцийг донсолгосон томоохон өөрчлөлтүүдийн дараа францчууд ямар сонголт хийх бол гэдэг дэлхий нийтийн сонирхлыг татаж байна. Тиймээс ирэх ням гарагт болох Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай анхан шатанд таны мэдэх ёстой бүхнийг багцлан хүргэе.


Яагаад энэ сонгуулийг анхаарах ёстой гэж

Яагаад гэвэл францчуудын сонголтоос Европын ирээдүйг зураглаж болох юм. Британи улс Европын холбооноос гарахаар шийдсэний дараа Франц ч бас энэ нэгдлийг орхих ёстой гэж энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн хоёр нь ч үзэж байгаа. 28 улс нэгдсэн Европын холбоо хэмээх их айлаас хамгийн баян, хамгийн олон хүн амтай хоёр улс гарч явахаар тэдний үлдээсэн хоосон орон зайг нөхөж чадах уу? Европын холбоо цаашид оршин тогтнож чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. Хэрэв Францын Засгийн газар еврог халж, хуучин мөнгөн дэвсгэртээ хэрэглээнд оруулвал Британи ЕХ-г орхисноос ч хүнд цохилт болно гэж ажиглагчид үзэж байгаа.

Францын энэ сонгууль хагас жилийн өмнө АНУ-д болсон Ерөнхийлөгчийн сонгуультай маш төстэй байгааг ажиглагчид хэлж буй. Америкийг эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг Трампыг сонгогдоно гэж төсөөлөөгүй байтал тэр ялсан. Тэгвэл Францад ч бас Д.Трамп шиг бодолтой нэгэн бий. “Францын Трамп” гэгддэг Үндэсний фронт намын Марин Ле Пен энэ удаагийн сонгуулийн эхний шатанд нэлээн дээгүүр “давхих” төлөвтэй байгаа. Юмыг яаж мэдэх вэ? Тэр Трамп шиг ялчих ч юм билүү.

Ер нь, Францын сонгуульд нэр дэвшигчдийн хооронд өрнөж буй улс төрийн маргаан нөгөө талаар өнөө үеийн дэлхий ертөнцөд нь үл ойлголцол, үзэн ядалт ямар их байгааг харуулж байна. Дайны хөлөөс зугтан Европыг зорьж буй дүрвэгсдийг Франц цаашид хүлээж авахгүй, одоо хангалттай гэж Марин Ле Пен хэлж байгаа. Исламын орнуудаас ирсэн дүрвэгсэд эргээд Францын аюулгүй байдалд заналхийлж, францчууд эх орондоо амар тайван амьдарч чадахгүйд хүрсэн гэж гомдоллож байгаа.  Тэгэхээр Европын ойрын үеийн хамгийн том бэрхшээл болох дүрвэгсдийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг Францаас ихээхэн хамаарах юм.

Сонгууль хэзээ болох вэ

Эхний шатны санал хураалт энэ сарын 23 буюу ням гарагт болох юм. Энэ удаагийн сонгуулиар хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигч хоёрдугаар шатны сонгуулиар хоорондоо өрсөлдөнө. Хоёр дахь шатны санал хураалт ирэх сарын 7-нд болох юм.

Гол дүрийн тоглогчид нь хэн бэ

Марин Ле Пен

Тэр бол Францын хэт барууны үзэлтэй Үндэсний фронт намын дарга. Нэр дэвшигчид дундаа хамгийн өндөр рейтингтэй яваа улстөрчдийн нэг. Францыг Европын холбоо болон НАТО-гоос гаргаж, цагаачлалыг үндсэндээ зогсоож, уугуул францчуудынхаа эрх ашгийг нэн түрүүнд хамгаална гэж амлаж буй тэрээр Европын нэгдсэн систем нурах цаг нь болсон гэж үздэгээрээ, барууныхны ад шоо үздэг В.Путинийг сайшаан дэмждэгээрээ европчуудыг гайхашруулдаг. Гэсэн ч түүний санааг дэмжигчид францчууд дунд цөөнгүй бий гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдсан.

Эммануэл Макрон

Тэр бол таван нэр дэвшигч өрсөлдөж буй энэ удаагийн сонгуулийн “битүү морь” нь юм. Анхандаа хэн ч түүнийг гол өрсөлдөгч болно гэж харж байгаагүй ч одоо тэрээр Францын дараагийн Ерөнхийлөгч болох хамгийн магадлалтай нэр дэвшигч болоод байна. Түүний ард томоохон улс төрийн хүчин байхгүй ч өөрийнх нь байгуулсан нам, либерал үзэл бодол, эдийн засгийг сэргээх бизнест ээлтэй хөтөлбөр санал болгож байгаа нь сонгогчдын санаанд их нийцжээ.

Сонирхуулахад тэр 17 насандаа ахлах сургуулийнхаа багшид дурлаж, нэг л өдөр түүнийг авч сууна гэж амласандаа хүрсэн бөгөөд өөрөөс нь 20 насаар эгчмэд 56-тай эхнэр нь улс төрийн гол дэмжигч, зааварлагч зөвлөгч нь ажээ.

Франсуа Фийон

Консерватив бодлогоороо “Францын Тэтчер” гэгддэг Франсуа Фийон анхандаа Ерөнхийлөгчөөр сонгогдох хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч байв. Гэвч түүний эхнэртэй холбоотой дуулиан дэгдсэнээр төрийн тэргүүн болох мөрөөдөл нь бараг замхраад байна. Тэрээр эхнэрээ өөрийн туслахаар ажилласан хэмээн худлаа мэдүүлж, сая шахам еврогийн цалин бодуулж авсан хэрэгт холбогдсон. Одоо энэ хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа юм.

12 дугаар зууны үеийн цайзад амьдардаг энэ эрхэм хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол долоо хоногт 35 цаг ажилладаг болгож хөдөлмөрийн цагийн хуваарийг багасган, төрийн зардлыг танахын зэрэгцээ баячуудаас их татвар авч, цагаачлалыг бууруулна гэж амлаж байна.

Сонгогчдын анхаарлыг татаж буй гол асуудлууд юу вэ

Эдийн засаг

Францын эдийн засагт гялалзсан үзүүлэлтүүд дутагдаж буй. Ажилгүйдэл 10 хувьтай, ДНБ-ий өсөлт сул байгаа энэ үед эдийн засгийг сэргээх томоохон арга хэмжээ хэрэгтэй гэдэгт олон нийт санал нэгдэж байгаа ч харин ямар арга хэмжээ вэ гэдгийг хэлж мэдэхгүй байгаа юм. Зарим нэр дэвшигч баячуудын татварыг нэмье гэж байгаа бол Марин Ле Пен еврогоос татгалзана гэсэн юм.

Цагаачлал

Энэ бол францчуудын хамгийн том асуудал. Одоогийн цагаачлалын бодлого ажилгүйдлийг нэмэгдүүлэхээс гадна террористууд орж ирэх боломж олгож, дотоодын аюулгүй байдалд заналхийлж, францчууд эх орондоо амар тайван амьдарч чадахгүй байна гэж шүүмжилж байгаа. Тиймээс нэр дэвшигч бүр энэ талаар тодорхой бодлого баримтална гэж амлаж байна.

Хэн ялах магадлалтай бол

Марин Ле Пен, Эммануэль Макроны хооронд гол өрсөлдөөн өрнөнө гэж таамаглаж байна. Гэхдээ Эммануэль Макрон жинхэнэ ялагчаар тодорно гэсэн хүлээлт байна. Гэвч өнгөрсөн жил АНУ-ын сонгуулиар ч олон нийт ингэж таамаглаад алдсан гэдгийг мартаж болохгүй.

Сонгуулийн дараа юу болох вэ

Энэ удаагийн сонгуулиар бүх зүйл өнгөрчихгүй. Ирэх зургадугаар сард болох парламентын сонгууль л шийдвэрлэх нөлөөтэй. Учир нь, Францад Ерөнхий сайдын эрх мэдэл их. Ерөнхий сайд нь харин парламентын олонхийг эзэлсэн намаас сонгогдоно. Тэгэхээр ирэх парламентын сонгуульд ямар нам ялахаас шалтгаалж, шинэ Ерөнхийлөгч бодлогоо хэрэгжүүлж чадах эсэх нь хамаарах юм.  Тиймээс хэрэв Марин Ле Пен яллаа гэхэд түүний хэт барууны байр суурь бодлого болон хэрэгжих хүртэл цөөнгүй даваа саад бий гэсэн үг.

Б.Номун

Чуулган: Байр суурь

2 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.