Исламын улс дахин Парист халдав уу

2017-04-21 Ертөнц

Парис хотын төв Елисейн талбайд нэгэн этгээд цагдаагийнхантай буудалцаж, нэг офицерын амийг хөнөөж, хоёр хүнийг шархдуулжээ. Хэргийг үйлдсэн этгээд өмнө нь мөн л цагдааг буудан шархдуулж байсан, лалын хэт үзэлтэй хэмээн хуулийн байгууллагын мэдээлэлд бүртгэгдсэн нэгэн байжээ.

Цагдаагийнхан түүнийг зогсоон шалгах гэхэд машинаасаа буумагцаа нэг цагдаа руу гал нээж, газар дээр нь амийг нь хөнөөгөөд зугтааж явах замдаа хоёр цагдаа руу буудсан байна. Энэ үеэр Елисейн талбайгаар зорчиж явсан жуулчин эмэгтэй суманд өртсөн бөгөөд цагдаагийн бас нэг офицер хүндээр шархаджээ. Цагдаагийнхан энэ үеэр хэрэгтнийг буудаж хөнөөсөн байна.

Энэ хэргийг террорист халдлага гэж хараахан үзэхгүй байгаа ч терроризмтэй тэмцэх тасгаас хэргийг шалгаж байгаа аж. Хэрэг гарсны дараа Исламын улс бүлэглэл мэдэгдэл гаргаж, “Манай дайчин халдлага зохион байгууллаа” гэж зарласан нь ч анхаарал татаж байна. Хэрэв энэ үнэн бол Исламын улс бүлэглэлийнхэн Парист дахин цус асгаруулсан халдлага зохион байгуулсан гэсэн үг. 2015 оны арваннэгдүгээр сард тус бүлэглэлийг дэмждэг лалын хэт үзэлтнүүд Парис хотноо томоохон халдлага зохион байгуулж, 130 хүний аминд хүрч, олон арван хүнийг шархдуулсан билээ. Үүнээс ч өмнө Парист террорист халдлага удаа дараа гарсан бөгөөд тэр бүхэн исламын хэт үзэлтнүүдийн хийсэн хэрэг байсан юм. Эдгээр хэргийг үйлдсэн этгээдүүдийн зарим нь Франц,Бельгийн иргэншилтэй, зарим нь дүрвэгсдийн их цуваатай хамт Европт ирсэн хүмүүс байв.

Харин энэ удаагийн хэргийг үйлдсэн 30 настай залуу Францын иргэн байсан гэдэг мэдээ байна. Тэрээр өмнө нь ч үүнтэй яг ижил хэрэг үйлдэж байжээ. 2001 онд цагдаа түүнийг зогсоон залгах үед нэг офицерын бууг булаан авч, нөгөө рүү нь гурвантаа буудан шархдуулж байснаас гадна дээрэм ч хийж байсан гэнэ.

Ирэх ням гарагт Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт болно. Тиймээс ойрын өдрүүдэд орон даяар аюулгүй байдлын хамгаалалтыг чангатгаад байгаа юм. Хоёр хоногийн өмнө цагдаагийнхан сонгуулийн өдөр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хоёр хүнийг Марсейлээс баривчилсан тухайгаа зарласан билээ.

Б.Номун

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.