Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж, хоёр найзтайгаа эрүүл болсондоо баяртай байна

2019-06-21 Эрүүл мэнд

Засгийн газраас хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд олон хүн элэгний С вирусээ бүрэн устгаж, эрүүл болсон. Тэдний нэг С.Сүрэнхорлоотой ярилцлаа.


-Юуны түрүүнд эрүүл болсонд баяр хүргэмээр байна. Хэзээнээс элэгний С вирустэй болсоноо мэдсэн бэ? Энэ талаар яриагаа эхэлье.
-Баярлалаа. Эрүүл байна гэдэг аз жаргал, баяр баясгалан юм байна. Сэтгэл санаа ч өөдрөг, өмнөхөөсөө илүү амар тайван амьдарч байна.
Манайх Улаанбаатарт нүүж ирээд 15 жил болж байна. 60 хүрч байна. Одооноос 10 жилийн өмнө шинжилгээ өгч байсан. С вирустэй гэж хэлсэн. Тухайн үедээ эмчлэх талаар нээх хөөцөлдөөгүй. Эм ч байдаггүй байсан юм билээ. Мэдээлэл ч байдаггүй байлаа. Засгийн газраас “Элэг бүтэн Монгол ” хөтөлбөр зарлагдаж,

үнэгүй оношлогоонд өнгөрсөн оны гуравдугаар сард хамрагдсан. Вирусээ тоолуулахад нэг сая гаруй тоологдсон. Ингэж л элэгний С вирусээ эмчлүүлэх боломжтой болсон. Оношлогоонд орохдоо хавдартай болсон байх вий гэж их санаа зовж байсан. Ашгүй хорт хавдартай болоогүй байсан. Энэ мэдээг дуулаад маш их баярлаж билээ. Элэгний хорт хавдар хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон гэж олон жил мэдээгээр гарч байна.
-Вирусний эмчилгээгээ хэзээнээс эхэлсэн бэ?
-Гуравдугаар сард нь оношлогоонд ороод эмчдээ үзүүлтэл ирэх сараас эмээ ууж эхлэх боломжтой бол эхэл гэсэн. Тухайн үед нэг сар уух эмээ 130 мянган төгрөгөөр авч уусан. Яг 28 хоног уух эмээ тооцоод дуусахын өмнө нь эмчдээ үзүүлээд дахин эм бичүүлж авч байсан.
-Эмчийн хяналт ямар байсан бэ?


-Гурван сарын хугацаанд эмээ байнгын хяналтанд байж, ууж дуусгасан. Сар бүр үзүүлэхэд эмч зөвлөгөө мэдээлэл сайн өгдөг байсан. Архи, айраг, пиво гээд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, өөх тостой хоол, цагаан идээ идэж болохгүй. Газтай ундаа битгий уугаарай. Бас исгэлэн юм битгий идээрэй гэсэн.
-Эм хэрэглэж байхад ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдсэн үү?
– Эмч маань толгой өвдөх, дотор муухайрах зэрэг гаж нөлөө илэрч магадгүй, хэрэв илэрвэл ирээд үзүүлээрэй гэж хэлж байсан. Гэхдээ надад гаж нөлөө илрээгүй.
-Эмчилгээний дараа биед ямар өөрчлөлт гарав?
-Жин нэмэгдэж, унтаж амардаг болсон. Өмнө нь нойронд муу, бага багаар тураад амархан ядарч сульдаад байдаг байсан. Хоол шингэхгүй, ходоод их өвддөг байсан одоо зүгээр болсон. 6 сарын дараа дахин шинжилгээ өгч вирусээ тоолуулахад 0 гарсан. Эрүүл болсон гэж бодоход л сэтгэл өег, бие хөнгөн сайхан санагдаж байгаа. Миний хувьд архи, тамхи хэрэглэдэггүй байсан болохоор арай хортой хавдар тусаагүй байх гэж боддог. 10 жил архи, тамхи хэрэглэсэн бол өнөөдөр эмчилгээ хийлгэсээр байх байсан болов уу. Муу зуршлаас хол байсандаа их баярладаг шүү.
-Та залуудаа ямар ажил эрхэлдэг байсан бэ?
-Залуу насандаа оёдлын үйлдвэрт ажиллаж байгаад 1990-ээд оноос янз бүрийн ажил хийж үзсэн. Сүүлийн 8 жил зах дээр нөхөртэйгөө хамт наймаа хийдэг болсон. Халуун хүйтэнд дөрвөн улирал зогсдог байсан. Зөв хооллох талаар ярилтгүй. Ажлаа амжуулсны дараа л хоол ундны ая бодно. Халуунд халж, хүйтэнд хөрж ажилласны хүчинд дөрвөн хүүхдээ бүгдийг нь сургууль дүүргэж, мэргэжилтэй болгосон. Одоо гурав нь Монголдоо мэргэжлээрээ ажиллаж байна. Харин нэг нь Солонгост сурдаг. Одооноос хүүхдүүддээ зөв хооллож, эрүүл амьдралын дадал хэвшилтэй болох талаар их хэлж, захидаг болсон. Үүнээс гадна үе тэнгийн хоёр найзыгаа оношлогоонд хамруулж, эрүүл болгосон. Манай хоёр найзын нэг нь их зөрүүд, эмнэлэгт огт үзүүлдэггүй, би эрүүл гээд суучихдаг хөгшин байдаг. Гуйж, загнаж үзээд нэмэргүй. Сүүлд нь ятгалгад орж 2018 оны 11 сард оношлогоонд орсон. Элэгний вирустэй байснаа мэдээгүй юм билээ. Харин одоо “Яаж чи намайг ятгаж, оношлогоонд оруулав аа, зөрүүдэлж ууж, идсээр байгаад үхнэ гээд л тэнэгтэх байж ” гээд инээдэг юм. Нөгөө найз ч уриалгахан хүлээн авч эмчлүүлсэн. Ямар ч байсан өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж, хоёр найзтайгаа эрүүл болсондоо баяртай байна. Өдий насанд найзуудтайгаа илүү олон жил хамтдаа байхыг хүсдэг юм байна. Бид чинь эрүүл амьдрах мэдлэггүй байсаар ирсэн байна. Энэ хөтөлбөрийг эхлүүлсэн нь нүдээ олсон ажил боллоо гэж хэлмээр байна.
-Та “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар анх хэнээс мэдсэн вэ?
– Анх телевизийн мэдээгээр сонссон. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлт гээд олон л хүмүүс үг хэлээд байх шиг байсан.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.