377 кластерт эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгаа хийнэ

2019-06-10 Мэдээ мэдээлэл

 

 

“Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын IV судалгаа”-ны судлаач бэлтгэх сургалт өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр эхэлж байна. 

Сургагч багшаар үндэсний судлаач нараас гадна ДЭМБ-ын Зөвлөх Рарау Патрисиа, Ким Жунсук нар ажиллана. Сургалтын нээлтэд ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгч Сергей Диордица хүрэлцэн ирж, STEPS судалгааны хамтын ажиллагаа, ач холбогдлыг чухалчлан хэлсэн үгэндээ НЭМҮТ-ийн багаас судалгааг удирдан зохион байгуулахад гаргаж байгаа хүчин чармайлтыг онцлон тэмдэглэв.

“Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа”-г 2005, 2009, 2013 онуудад үндэсний хэмжээнд зохион байгуулсан боловч өвчлөл 15-64 насны хүн амын дунд буурахгүй байгаа нь тогтоогдоод байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 289 дүгээр тогтоолоор “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, ХБӨ-ний тархалтыг бууруулах цаашид хэрэгжүүлэх нотолгоонд суурилсан арга хэмжээг төлөвлөхийн тулд 4-р судалгааг зайлшгүй хэрэгжүүлэх шийдвэр гаргасан билээ.

“Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын IV судалгаа”-ны судлаач бэлтгэх сургалт 5 өдөр үргэлжлэх ба судалгааг 21 аймаг, 4 бүс, Улаанбаатар хотын түвшинд 15-69 насны нийт 6780 хүнийг хамруулан, 377 кластер буюу газар нутагт гүйцэтгэх юм. Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшинг анх удаа хангай, төв, баруун, зүүн газарзүйн байршлаар бүсчилж тогтоох ба өмнөх гурван судалгаатай харьцуулсан дүгнэлт, зөвлөмж гарна.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.