Спортын төв ордныг анхааралдаа авахыг хүслээ

2017-04-19 Парламент
 УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос томилогдсон Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Энэхүү Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ахалж байгаа бөгөөд тэрбээр өчигдөр /2017.04.18/ Спортын төв ордонд зочилж, спортын холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд, Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн дарга Ё.Отгонбаяр нар оролцсон юм. Уулзалтын үеэр спортын холбоодын төлөөлөл Ажлын хэсгийн гишүүдэд хандан Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах өөрсдийн санал бодлоо илэрхийлэв.

Ажлын хэсгийн гишүүд Спортын төв ордны одоогийн нөхцөл байдал, биеийн тамирын танхим, тамирчдын хичээллэж буй орчинтой биечлэн явж танилцлаа. Энэ үеэр чөлөөт бөхийн бэлтгэлийн танхимд засвар хийгээд ч нэмэргүй болсныг анхааруулав. Мөн холбоодууд өөрсдийн хөрөнгөөр засвар, үйлчилгээг хийсэн ч хэдэн сарын дараа цантахаас эхлээд засварын ажил сүйдэж байна гэв. Тиймээс ордонг буулгаж, яаралтай шинэ ордон барих ажлыг яаравчлах хэрэгтэй байгааг дуулгав.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ингэж хэллээ. “1958 онд баригдсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас актлагдсан байранд тив, дэлхийн аваргууд хичээллэж байна. Засгийн газар шинэ спортын ордон байгуулах талаар зураг төсөл хийлгэсэн ч эдийн засаг хүндрэлтэй байгаа үед 120 тэрбум төгрөгөөр шинэ ордон барих боломжгүй. Гэхдээ бид энэ асуудлыг шийдвэрлэж болох талаас нь дүгнэлт гаргаж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болно. Ажлын хэсгээс спортын холбоодууд саналаа бичгээр дахин өгөх хэрэгтэй. Энэ ажлын хэсэгт УИХ-д сууж буй спортод элэгтэй олон гишүүдийг оролцуулах болно.” гэсэн юм.

Уулзалтын үеэр холбоодуудаас дараах саналуудыг гаргаж байв.

  • Олимпийн төрлүүдэд багтдаг спортын төрлүүдийг цаашид нарийвчлан анхаарах
  • Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг томилохдоо холбоодууд шийдэх эсэхийг анхаарах
  • Шинжлэх ухааны ач холбогдлыг сайтар нэвтрүүлэх
  • Өсвөр үеийн бие бялдрын хөгжлийг анхаарах
  • Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт спортын төрлүүдийг түлхүү оруулах
  • Орон нутгаас ирж буй тамирчдын ахуй байдалд анхаарах
  • Үндэсний шигшээ багт олон жил зүтгэсэн тамирчин, дасгалжуулагчдын нийгмийн хангамжийг сайжруулах
  • Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Спортын төв ордныг анхааралдаа авахыг гишүүдээс хүсэж байлаа.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах өөрсдийн санал бодлыг цаашид Ажлын хэсэгт бичгээр өгөх боломжтойг гишүүд хэлж байв.

1958 онд ашиглалтад орсон Спортын төв ордонд жүдо бөх, чөлөөт бөх, бокс, хүндийн өргөлт, гимнастикийн спортын тоноглол бүхий бэлтгэлийн долоон танхимд үндэсний шигшээ баг, өсвөрийн тамирчид хичээллэдэг. Гэхдээ тэдний хичээллэж буй дээрх бүх танхим стандартын шаардлага хангахгүй, агааржуулалтын системгүй, хана, тааз нь нурсан байдалтайг албаныханд хэлж, шинэ ордон барих асуудал дээр анхаарлаа хандуулахыг зөвлөж байв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.