Ц.Батнасан: Баяд эмээлийг дэлхийн өвд бүртгүүлэхээр сэтгэл шулуудан ажиллаж байна

2019-08-5 Made in Mongolia

Увс аймгийн Тэс сумын “Уялга” бүлгийн ахлагч Ц.Батнасантай ярилцсан юм. Тэрбээр сумынхаа өрх толгойлсон 21 бүсгүйг нэгтгэн иж бүрэн монгол гэрийг эсгий ширмэл бүтээгдэхүүнээр хийж гадаад болон дотоодын зах зээлд гаргадаг бөгөөд нутгийнхаа өв соёл Баяд эмээлийг дэлхийн өвд бүртгүүлэхээр сэтгэл шулуудан ажиллаж байгаа юм.

-Эсгийгээр хэзээнээс бүтээл хийж эхэлсэн вэ?

– Миний ээж эсгий ширмэл хийдэг байсан юм. Намайг 12-той байхад анх олбог ширүүлж байсан. Тэр үе миний санаанаас огтхон ч гардаггүй. Ээждээ таалагдах гэж хэрэндээ л хичээсэн болохоор ээжийнхээ урмыг үгийг сонсоод учиргүй их баярлаж билээ. Түүнээс өмнө утас ээрэх, ноос сэмлэх гээд бишгүй л ээждээ тусладаг байсан л даа. Гэхдээ л ээж шигээ оёж сурахсан гэж битүүхэндээ боддог байлаа. Урмын үг сонсож эхэлснээсээ хойш байнга оёж шидсээр өнөөг хүрлээ дээ.

– Увс нутгийн бүсгүйчүүдийг оёдол, хатгамалгүйгээр төсөөлөхгүй байх. Гэрт нь ороход дан гар урлалын бүтээлүүд харагддаг. Та хэзээнээс өөрийн оёх хоббигоо бизнес болгохоор шийдэв?

– Би нөхөрт гарч, өрх тусгаарласныхаа дараа гэрээ ширмэлээр тохижуулсан. Тухайн үед айл хөрш, найз нөхөд, нутаг усныхан маань ямар гоё юм вэ гээд л бүгд уулга алдаж байсан. Эндээс би санаа аваад өөрийн чаддаг зүйлээ хүмүүст зааж сургая, үндэсний өв соёлоо түгээн дээдлэе, ээжийнхээ нэр алдар тэрхүү сайхан бүтээлүүдийг өндөрт өргөе гэж бодоод 2016 онд сумандаа зар тавьж, найман хүнтэй ширмэлийн цех байгуулсан. Түүнээс хойш дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна даа. Өнөөдөр манай цехэд өрх толгойлсон, ганц бие, олон хүүхэдтэй эхчүүдээс бүрдсэн 21 бүсгүй бүлэг болон ажиллаж байна.

– Эсгий бүтээгдэхүүний загвар нэг л хэвийн уйтгартай гэсэн ойлголтыг Таны бүтээлүүд эвдэж чадсан санагдлаа. Хэдэн төрлийн ямар бүтээгдэхүүн хийж байгаа вэ?

– Захиалгаас шалтгаалан ямар бүтээгдэхүүн хэдийг хийх гэдгээ төлөвлөдөг. Ямар нэгэн бүтээгдэхүүн хийж дууссаны дараа шинэ санаа төрж, хэрхэн дараагийн бүтээлд сайжруулах вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлдэг. Хийх тусам гарт орж, арай өөрөөр хийх санаа сэдэл ургаад гарч ирдэг. Ус тогтох сав л хийж чадахгүй байна даа. Тэрнээс бусдыг бол хийх бүрэн боломжтой. Найман тахил бүхий эсгий хаалгаас эхлээд гэрлийн бүрхүүл, цүнх, гутал, 32 угалзтай гутал, эмэгтэйчүүдийн косметикийн сав, суудлын олбог гээд хийж болох бүгдийг л хийж байна. Энэ цагаан сараар би эсгийгээр гутал малгай хийж өмссөн, манайхан дээл хийхгүй яасан юм вэ гээд шоглоод ч байгаа юм уу, үнэлээд ч байх шиг хэлсэн. Болохгүй зүйлгүй л дээ, дараа жилээс хийнэ дээ  гэж бодоод байгаа.

– Пальто, дээл гэхээр зузаан материалтай, элдэв тоос татах болов уу гэж бодлоо. Хэрхэн боловсруулдаг юм вэ?

– Эсгийг даавуу, цэмбэ шиг нимгэн дарж болдог. Эсгийнхээ нягтрал, нимгэн зузааныг нь тааруулбал дээл байтугайг хийх боломжтой. Ер нь эсгийгээ анхнаасаа дарахдаа юунд зориулж байгаа гэдгээ тодорхойлоод бэлдчихвэл их амар байдаг. Жишээлбэл, дэвсгэр, бээлий, бэлэг дурсгалын зүйл гэж ангилаад эсгийнхээ нимгэн зузааныг тохируулаад хийчихнэ гэсэн үг.

– Тэгэхээр танай цех эсгийгээ өөрсдөө боловсруулдаг гэсэн үг үү?

– Манай цехийнхэн өөрсдөө эсгийгээ боловсруулдаг. Улаанбаатар хотоос 2 сургагч багш авч, эсгийг хэрхэн боловсруулах талаар хичээл заалгасан. 4 жилийн хугацаанд манайхан дадлагажсан. Хүн гэдэг чинь аливаа зүйлийг хийх чин хүсэл байвал хийсээр улам сайжирч, гарт ордог.

– Бүтээгдэхүүний борлуулатад хэрхэн анхаарч ажиллаж байна, хотод зарагддаг уу?

– Олон нийтийн сошиал ашиглаж борлуулдаг. Фэйсбүүк хуудсаар дамжуулан худалдана, гадаад дотоодынхон их сонирхож асууж авдаг. Тодорхой хэсгийг сум, орон нутгийнхаа иргэдийн захиалгын дагуу хийнэ. Зун манай нутгаар ирсэн жуулчид их сонирхож авдаг.

Өнгөрсөн зун Америкийн 5 жуулчин монгол гэрийн доторх эсгий хэрэглэлийг бүгдийг худалдаж авсан. Германаас ирсэн монголч эрдэмтэн эмэгтэй эхлээд дэвсгэр авсан юм, түүний дараа Германдаа монгол гэр барьж байгаа, гэрийн доторх иж бүрэн хэрэгслийг хийж өгөх захиалга өгсөн. ОХУ-ын Кызел хотноо аймгаа сурталчлах үзэсгэлэнд авч явсан монгол гэрийн бүх тоноглолыг маань худалдаад авсан. Урианхай ястаны ширмэл урлалыг их сонирхдог юм байна лээ. Мөн хамгийн сүүлд ОХУ-ын Тува Улсын Ерөнхийлөгч сийлбэртэй гэртээ бүрэн ширмэл оёж өгөхийг хүссэний дагуу бид ажиллаж байгаа.

Энэ мэтчлэн бидний бүтээгдэхүүнийг дотоодын төдийгүй гадаадынхан илүү их сонирхож дэмжиж байгаад урам авч, илүү хичээж ажиллаж байна.

– Танай нутаг өвөлдөө хүйтэн болохоор эсгий гутлын эрэлт хэрэгцээ их байдаг байх. Гутлын захиалга тасрахгүй юу?  Хотод бүтээгдэхүүнээ зардаг уу?

– Манайхан их ажилсаг хүмүүс байдаг. Гутлын хувьд надаас бараг авахгүй дээ.  Захын айл гутлаа өөрсдөө оёод өмсдөг. Харин ч гадагшаа зарах талд илүү анхаардаг.

Улаанбаатар хотод борлуулах нэгдсэн төв байхгүй. Байнга  явуулах боломж муу байдаг.

– Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл тусламж орон нутагт хэр хүртээмжтэй байна вэ?

– Тийм зүйл авч үзээгүй. Дээрээс ирж яваад дундаа тээглэчихдэг юм байлгүй дээ бидэнд лав оногддоггүй. Жижиг, дундын төслөөр орон нутгийнхаа бизнес эрхлэгчдийг дэмжээд өгөх юм бол их л тустай байна. Манайх гэхэд л хээний, зузаан оёдлын машин авмаар байгаа ч санхүүгийн чадамжгүй байдлаас болоод авч чадахгүй л байна.

Энэ дашрамд Швейцарын хөгжлийн агентлагын хамт олон болон зохицуулагч найз Энх-Амгаландаа баярлаж явдгаа хэлмээр байна. Бидний хэдэн эмэгтэйчүүдэд үйл бүтээлээ хийх 2 өрөө ажлын байр бүрэн тохижуулан өгсөн. Мөн сэмлэх, ээрүүлийн машин өгч, “Уялга” бүлгийн маань танилцуулгыг гаргаж өглөө. Бараа бүтээгдэхүүнийг маань шошго, уут савтай болгох гээд маш их дэмжиж байгаа.

– Цаашдаа та бүтээгдэхүүнээ сайжруулах, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх талд ямар төлөвлөгөөтэй байна вэ?

– Техник технологи хурдацтай хөгжиж байгаа үед цехээ хэд хэдэн төрлийн оёдлын машинтай болгох, ингэснээр бидний хийж байгаа бүтээгдэхүүн цаг хугацаа ч хэмнэх, бүтээгдэхүүн маань ч төгс шинж чанар рүү орно гэж би боддог. Хүмүүс гараар хийсэн бүтээгдэхүүнийг гоё гээд авдаг л даа, ялангуяа гадаад хүмүүс илүү их гар хийцэд дуртай. Хээний машинтай бол илүү өнгө үзэмжтэй болох юм шиг санагддаг.

Мөн миний туйлын хүсэл гэвэл сум орон нутагтаа ёслол хүндэтгэлийн өргөө барьж, түүнийгээ бүрэн ширмэлээр тоноглон сумандаа хурим найр хийж буй залуус, ойгоо тэмдэглэж байгаа өвөг хөгшид, дуучид, бөхчүүд гээд алдартнгууд ирэхэд хүлээн авдаг өргөө баръя гэж боддог. Ойрын 2 жилдээ багтаан хийчих юмсан гэж бодож байна. Энэ талаараа ч нутаг орныхоо дарга нарт танилцуулсан.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.