Сүхбаатарын талбайн авто зогсоолын газрын зөвшөөрлийг цуцаллаа

2019-04-23 Мэдээ, мэдээлэл

Сүхбаатарын талбайн урд хэсэгт 2.5 газрыг 13 жилийн өмнө хувийн компанид эзэмшүүлсэн шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр цуцалж захирамж гаргажээ. Тэрээр энэхүү шийдвэрээ танилцуулахаар Сүхбаатарын талбайд хүрэлцэн очиж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.

Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг Сүхбаатарын талбайн урд хэсэгт 2.5 га газрыг орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доогуурх үйлчилгээний төвийн барилгын зориулалтаар эзэмшиж байсан “UB construction” ХХК нь тухайн газрыг гэрээний нөхцөлд заасан зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй тул ийнхүү тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож цуцалж байгаа ажээ.

Уг газрыг 2006 онд тухайн үеийн нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлэхээр гэрээ байгуулахдаа тэнд баригдах газар доогуурх үйлчилгээний төвийн орлогоос зохих хувийг нийслэлд өгч байх заалт туссан байжээ. Гэвч “UB construction” ХХК газраа зориулалтаар нь ашиглалгүй өнөөг хүрсэн бөгөөд автомашины төлбөрт зогсоол байгуулснаар өөр бүтээн байгуулалтын ажил хийгээгүй өнөөг хүрчээ. Үүгээр зогсохгүй тус компани Сүхбаатарын талбайн урд талын уг газрыг барьцаала “Улаанбаатар” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд байгаа юм байна.

Нийслэлийн Засаг дарга уг газрын гэрээг цуцалж буй шийдвэрээ танилцуулахдаа энэхүү 2.5 га газарт нийслэлийн хөрөнгө оруулалтаар усан оргилуур барина, банкны барьцаа, зээлийн асуудлыг компани, банк хоёр өөрсдөө шийдэх асуудал гэлээ. Өмнө нь нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл уг газрын зөвшөөрлийг цуцалсан боловч “UB construction” ХХК шүүхэд гомдол гаргаснаар шүүх тус компанийн талд шийдвэрээ гаргаж байсан аж.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.