О.Сайнбаян: Бид 2017 оноос хойш үйл ажиллагаагаа зогсоосон

2019-04-12 Байгаль орчин

Хэвлэлийн бага хурал

“Зүүнбаян рэйфанери” компаниас өнөөдөр /2019.4.12/ мэдээлэл хийлээ. Өнгөрөгч долоо хоногт хотын дарга С.Амарсайхан тус компанийн үйл ажиллагааг зогсоох даалгавар өгсөн билээ.

“Зүүнбаян рэйфанери” компанийн захирал О.Сайнбаян “Туул голын хамгаалалтын бүсэд байрладаг уг газрыг 2012 оноос хойш хууль журмын дагуу авч, 2014 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Хууль журмын дагуу эхэлсэн учраас бид нүүр бардам байсан. Бидний хэсэг залуус аялал жуулчлалын бүс, цогцолбор бүтээн байгуулахаар болсон. Гэтэл 2017 оны зургадугаар сарын 20-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас үйл ажиллагаа зогсоох тушаал гаргасан. Тушаалыг бидэнд өгөөгүй. Хөлийнхөө улыг эргэтэл явсны дүнд 2018 оны тавдугаар сарын 8-нд тушаалыг цаасаар авсан. Ингээд асуудлыг шүүхээр шийдвэрлэхээр болсон. Энэ явцад улстөрчид бидний үйл ажиллагааг саатуулах ажил хийж байна. Олон залуус нийлж дэлхийн хэмжээний зүйл хийе гэтэл өнөөдөр ийм зүйл боллоо. Бид шүүхэд хандсанаас хойш буюу 2017 оноос хойш үйл ажиллагаагаа зогсоосон. Гэтэл өнөөдөр хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа мэтээр улстөрчид ярьж байна.

Бид газрын судалгаа хийж байх үедээ хамгийн тохиромжтой нь энэ газар болж таарсан. Ингээд энэ газрын эзнийг олж уулзахад С.Уламбаяр гэж хүн байж таарсан. С.Уламбаяр манай ахын найз байсан тул ахаараа дамжуулан очиж уулзаж, бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж биднийг дэмжихээр болсон юм. Газрыг шилжүүлж авахаар 2016, 2017 онуудад албан бичгүүдийг тухайн үеийн сайд нарт өгсөн ч Тусгай хамгаалалтын газар шилждэггүй учраас энэ нэрээр нь ашиглаж байгаа юм.Газрыг Байгаль орчны яамнаас олгодог” гэсэн юм.

Харин тэрбээр бургас хядсан асуудлын тухайд “Тухайн үед Нийслэлийн байгаль орчны газарт бургасны нөхөн төлбөр гэж 11 сая 163 мянган төгрөг тушаасан. Бургас нөхөн сэргээлтэд бид 20 орчим сая төгрөг төлсөн. Бургасыг өөр газарт суулгасан. Тухайн газар 6891 ам метр талбайд бургастай байсан. Түүнийгээ тогтоолгоод нөхөн төлбөрөө төлчихсөн. Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын ярьж байгаа 13 тэрбум бол ор үндэсгүй тоо. Туул гол дагуу 1387 иргэн, аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байхад яагаад “Зүүнбаян Рэфайнери” руу дайраад байгаа юм бэ. Бүгдийг нь цуцалж, бүгдийг нь буулга. Тэгвэл бид ч бас буулгана” хэмээн тодруулж байна.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.