Энхийн элч нар үрсийнхээ төлөө тэмцэж байна

2019-04-11 Нийтлэл

-Хүүхдийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхийг эмч нар уриалав-

Улсын хэмжээнд бүх эмч мэргэжилтэн “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” урианд нэгдэж, өнөөдөр 12.30-13.00 цагт байгууллагынхаа ойролцоох авто замын дагуу зам тээврийн осол, гэмтлээс сэргийлэх уриалга, улаан өнгийн анхааруулга тэмдэг бүхий лоозон барьж жагслаа.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэдээллээр, улсын хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар 145 осолд хүүхэд өртөж, 7 хүүхдийн амь нас хохирч, 33 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.3 дахин их тоо юм.

Иймд замын хөдөлгөөнд хүүхдээ харгалзах хүнгүй оролцуулахгүй байх, жолооч нарт замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй, дүрмээ зөрчихгүй, соёлтой оролцохыг эмч нар уриалжээ.

Манай улсад жил бүр зам тээврийн ослоор 500 гаруй хүн нас барж, 5000 гаруй нь хүнд, хөнгөнөөр бэртэж, 10 гаруй тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирдаг байна. Түүнчлэн зам тээврийн осол нь нас баралтын хоёрдахь, өвчлөлийн гуравдахь шалтгаан болж байгаа юм.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.