Говь-Угтаал суманд хятад эзэнтэй нэгэн компани татвараа төлөхгүй луу унжсаар байна

2019-04-11 Байгаль орчин

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Чинхаш” компани 2014 оноос төмрийн хүдэр олборлож эхэлжээ. “Чинхаш” компанийн захирлаар хятад улсын иргэн Дуан Зин Жу гэх хүн бүртгүүлэн Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. Энэхүү ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Хятадууд 2042 он хүртэл авчээ. Гэвч энэ компани Монгол Улсын хуулийг үл хүндэтгэн татвар төлөхөөс зайлсхийж эхэлжээ. Мөн нийслэлийн Баянгол дүүргийн татварын хэлтэст 247сая 601 мянга 496 төгрөгийн өртэй байна. Татварын байгууллагаас Монгол Улсын хуулийг биелүүлж татвараа төлөх шаардлага хүргүүлэхэд төлөхгүй гэж хууль шүүхийн байгууллагад ханддаг тухай мэдээлэл байгаа юм. Учир нь Дундговь аймгийн татварын хэлтсээс  “Чинхаш” компанид татварын өрөө төлөх бичгийг өнгөрөгч хоёрдугаар сарын 1-нд хүргүүлжээ. Уг албан бичигт танай компани нь татварын өрийг бууруулахаар Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шүүх, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны шүүхэд хандсан боловч, татварын өрийг хэвээр төлүүлэхээр шат шатны шүүх шийдвэрээ гаргасан. Иймд заасан хугацаанд татвараа төлөхийг шаарджээ. Гэвч тус компани луу унжсаар өнөөдрийг хүрсэн гэх.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.