ӨРСӨЛДӨӨН ихтэй зах зээлд хэрхэн ялгарах вэ?

2019-09-12 Нийтлэл

Менежментийн зөвлөгөө үйлчилгээний “Өү Ар Ди Би консалтинг” компани МҮХАҮТ-тай хамтран “Бизнесийн зөвлөх үйлчилгээ” төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн үр дүнд жижиг дунд бизнес эрхлэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна зөвлөх үйлчилгээний салбарт тодорхой шалгуур, стандартыг тогтоох юм.

Энэ удаад “Өү Ар Ди Би консалтинг” компанийн өрсөлдөөн ихтэй зах зээлд хэрхэн манлайлах, ялгарах тухай зөвлөгөөг хүргэж байна.

Та маш сайхан бизнесийн санаа олсон боловч олон хүн үүнийг аль хэдийнэ хийчихсэн байхыг сүүлд мэдэх тохиолдол байдаг уу, Тэгвэл та ганцаараа биш. Хэрэв ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох бизнесийн боломж байвал тэдгээрийг хүмүүс хийчихсэн л байдаг. Маш их ашигтай, ямар ч өрсөлдөөн байхгүй бизнесийн санаа төрөхийг хүлээнэ гэвэл нэг эвэрт үлгэрийн морь хүлээсэнтэй л адилхан.

Түүний оронд илүү дээр стратеги нь өрсөлдөөн ихтэй бөгөөд ашиг өндөртэй зах зээлд өөрсдийгөө ялгаруулж болох. Хэрэглэгчид таны санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс үнэ цэнэ олж харвал тэд таниас л худалдан авах магадлалтай. Өнөөгийн алдартай, амжилттай явж буй бизнесүүд чухам энэ стратегийн хүчээр энэ зэрэгт хүрсэн байдаг.

Өөрсдийгөө хэрхэн ялгаруулах санаан дээр олон жишээ дурьдаж болно.

Improving Experience буюу ХЭРЭГЛЭЭГ ТААТАЙ БОЛГОХ

Тухайн зах зээл нэвтрэхэд энэ нь хамгийн нийтлэг бөгөөд түгээмэл стратеги байдаг. Үүнийг хийхийн тулд та тухайн зах зээл дэх дундаж хэрэглэгчийн хэрэглээг ойлгож, тэдэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ илт сайжруулах юм. Зарим томоохон компаниуд энэхүү стратегийг амжилттай хэрэгжүүлсэн байдаг.

Apple компани нь iPod, iPhone зэрэг бүтээгдэхүүнээрээ энэ стратегийг олон дахин хэрэгжүүлсэн. Хөгжим тоглуулагчийн зах зээлд iPod нь шинэ бүтээгдэхүүн байгаагүйн адил iPhone ч ухаалаг утасны зах зээлд эхний утас байгаагүй. Гэвч эдгээр бүтээгдэхүүний аль аль нь хэрэглэгчийн хэрэглээг таатай болгож чадсан юм. iPod нь нэг төхөөрөмжинд 1000 СD-тэй тэнцэх дууг багтаасан нь тухайн үед хувьсал гарсан мэт байсан.

Өөр нэг жишээ нь Uber такси захиалгын үйлчилгээ юм. Хэдэн мянган таксинаас бүрдсэн, маш өрсөлдөөнтэй, хуваагдмал зах зээлд Uber орсон боловч, захиалагчийг гэрийнх нь үүднээс нь очиж авах, GPS удирдлага зэрэг үйлчилгээгээрээ Uber нь тээврийн салбарт хувьсгал гаргасан.

Cost Disruption буюу ХЯМД ҮНИЙГ САНАЛ БОЛГОХ

Үнээр тоглох нь бас нэгэн түгээмэл стратеги байдаг. Гэвч энэ нь танд үргэлж таатай нөхцлийг бий болгож чадахгүй. Үнээр тоглох нь эргэж буцаж болохгүй дайн буюу өрсөлдөөн рүү таныг чирэх магадлалтай.

Энэ стратегийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд та дараах 2 нөхцлийг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Нэгдүгээрт үнийн өрсөлдөөнийг зохицуулах хангалттай капитал буюу хөрөнгөтэй байх, нөгөө нь бизнесийн загвар тань үйл ажиллагааны зардлаа өрсөлдөгчийнхөөс бага байлгаж чадах хэрэгтэй.

Энэтхэг Улсын бизнесийн конгломерат болох “Reliance Industries” энэхүү стратегийг Jio гэдэг утсаараа амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Jio зах зээлд нэвтрэхээс өмнө гар утас, интернетийн үйлчилгээ нь дундаж Энэтхэг иргэнд үнэтэй байсан. Хоёрхон жилийн дотор тус компанийн зах зээлд эзлэх хувь нь тэгээс 20 хувьд хүрсэн.

Дөнгөж эхэлж буй компаниудын хувьд ийнхүү хөрөнгө их зарсан үнийн өрсөлдөөнд орох нь боломжгүй байвал гайхах зүйлгүй. Dollar Shave Club нь захиалгад суурилсан сахлын машины бизнесээ эхлэхдээ хийсэн зүйл нь энэ стратегийн өөр нэг хувилбар байж болох. Тус компани нь онлайнаар бүтээгдэхүүнээ санал болгосноор түгээлтийн зардлаа нэлээд багасгасан.

Түүнчлэн, захиалгад суурилсан бизнесийн загвар нь ирээдүйн хэрэгцээ буюу борлуулалтыг тандахад нь маш дөхөмтэй болгосон. Энэ бүхний үр дүнд, өндөр үнэ санал болгодог өрсөлдөгчдийн бүтээгдэхүүнтэй чанарын хувьд адил хэдий ч хямд үнэтэй сахлын машиныг зах зээлд санал болгож чадсан.

Product Personalization буюу ХЭРЭГЛЭГЧ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ӨӨРСДИЙН ХЭРЭГЦЭЭНД ТААРУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛГОХ

Энэхүү стратеги нь том брэндүүдээр тэргүүлж буй зах зээлд дөнгөж эхэлж буй бизнес өрсөлдөхөд хамгийн тохиромжтой. Том брэндүүд нь их хэмжээгээр үйлдвэрлэдэг тул тухайн нэг хэрэглэгчид зориулан бүтээгдэхүүнээ өөрчлөхөд хэцүү.

Харин дөнгөж эхэлж буй бизнесүүд нь өөрсдийн хурдтай байдалд тулгуурлан, хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ уян хатан байлгах боломжтой.

Эмэгтэй биеийн тамирын хувцасны зах зээлд Adidas зэрэг компаниудтай өрсөлдөж буй Alala компани нь хэрэглэгчдийг хувцасныхаа загвараа өөртөө тохируулж өөрчлөн захиалахад боломжтой болгосон байдаг.

Мөн BocaJava хэмээх, маш их өрсөлдөөн бүхий кофены зах зээлд ажиллаж буй брэнд нь хэрэглэгчийн хүссэний дагуу захиалгыг хийхэд мэргэшдэг.

Эдгээр нь хэдийгээр хамгийн нийтлэг стратегиуд боловч ялгарал өөр маш олон хэлбэрээр хийгдэж болно. Жишээлбэл, Zappos нь хамгийн сайн хэрэглэгчийн үйлчилгээгээр мэргэшдэг бол Zenefits нь анхлан гарч ирж байх үедээ бүтээгдэхүүнээ үнэгүйгээр санал болгож байсан тухайн үедээ даатгалын шинэчлэлийн үйлчилгээгээрээ орлогоо олдог байсан.

Эдгээр стратегиудын зарим нь бүх салбарт тохиромжтой байж чадахгүй. Гэвч, гол хэлэх гээд байгаа зүйл нь онцлог ялгарах зүйлийг бий болгосноор танай бизнес олон нийтэд танигдан, өрсөлдөөн ихтэй зах зээлд нэвтрэхэд гагцхүү энэ л хамгийн үр дүнтэй арга замуудын нэг нь байх боломжтой.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.