Монгол Улс яагаад ам.долларын дамжлага бааз болчихов?

2019-03-15 Нийтлэл

Хууль төрөхийн өмнө

Манай улсад 2005 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль батлагдсан байдаг. Энэхүү хууль мөрдөгдсөн хугацаандаа Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байсан бөгөөд 12 жил хэрэгжих явцдаа 23 удаагийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 200 гаруй заалтыг шинэчлэн баталсан. Гэвч засч залруулж, нэмэлт өөрчлөлтүүд оруулсан ч тус хуультай холбоотой төрийн байгууллага, хувийн хэвшлийн дунд үл ойлголцол гарч, хууль шүүхийн байгууллагад хандсаар байв.

Энэхүү хууль хэрэгжсэнээр манай улсын нийгэм эдийн засгийн амьдралд сөрөг дагавруудыг бий болгосон хэмээн салбарынхан дуу нэгтэй хэлдэг. Тэр ч утгаараа тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар УИХ-ын гишүүд холбогдох албаныхантай зөвлөлдөж эхэлсэн. Тухайлбал, Засгийн газрын дэргэдэх Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн ажлын албаны дарга А.Энхцэцэг Төрийн ордонд болсон “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн хэлэлцүүлгийн үеэр хэлж байв.

Тэрбээр уг хууль хэрэгжих явцад ямар асуудал доголдол гарсныг судалгаанд үндэслэн танилцуулсан. Жишээ нь дотоодын үйлдвэрлэл хөгжих ёстой зах зээлийн борлуулалтын орон зайг импортын бараа бүтээгдэхүүнд эзлүүлж, төрийн худалдан авалтаар гадаад улс орнуудын компани, аж ахуйн нэгж, ажлын байрыг дэмжин Монголын төр хөгжлийн манлайлагч байх ёстой үндсэн үүргээ умартан, улс орныхоо эдийн засгийн уналт, хямралыг өдөөсөн гэдгийг тодруулсан юм. Үүнд, үндэсний үйлдвэрүүд хаалгаа барьж, хөдөлмөрийн насны хүн амын 40 гаруй хувь нь ажилгүйдэж, архидалт, ядуурал хавтгайран, 200 мянган идэр насны залуус гадаад улс орнууд руу эдийн засгийн дүрвэгч болсон хэмээн хатуухан шүүмжлэв.

Түүгээр үл барам дотоодын компаниуд өсөн бойжиж, хөгжин дэвших, шинэ технологи инновацийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх эдийн засгийн үр өгөөж, үндэсний нэмүү өртөг бүтээх боломжийг хаасан. Мөн Монгол Улсын валютын нөөцийг гадаад улс орон руу экспортолж, дотоодын бизнесийн орон зайг хумьж, гадаад валютын хомсдол үүсгэн, ханшийг өсгөж, манай улсын баялгийг үнэгүйдүүлсэн. Тодруулбал, 1989 онд 1$=25₮-тэй тэнцэж байсан бол 2019 онд 1$=2600₮-тэй тэнцсэн нь 1989 оны 100 хонь өнөөдрийн нэг хоньтой тэнцэж байгаа юм гэдгийг ч хэлсэн.

Тэгэхээр тус хуулийн цоорхойгоор улс төрийн авлигын гинжин холбоос үүсэж, эдийн засгийн аюулгүй байдал алдагдсан хэмээн салбарынхан дуу нэгтэй хэлж байна. Түүнчлэн залуусын төрийн алба руу шургалах хүслийг өдөөж, үндэсний бүтээн байгуулалт, мэргэжилтэй ажилчдын хомсдолд орсон. Мөн “Монгол Улс ам.долларын дамжлага бааз болж байна” зэрэг үндэслэлүүдийг гаргаж тавилаа.

Энд нэг зүйлийг тодруулахад, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль хэрэгжсэн 14 жилийн хугацаанд 10,0 тэрбум ам.долларын импорт дэмжсэн худалдан авалтыг монгол төр хийжээ. Үүнтэй тэнцэх хугацаанд БНСУ 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, худалдан авалтаар Costco-гангийн үйлдвэр, Hyundai-машины үйлдвэр, Samsung-электроникийн үйлдвэр зэргийг хөгжүүлэн, өндөр технологи, аж үйлдвэрийн суурь бүтэц бий болгожээ. Харин манай улс 10 тэрбум ам.долларын худалдан авалтаар Солонгос, Хятад гэх мэт улс оронд хөрөнгө оруулалт хийж, 1,3 сая ажлын байрыг дэмжсэн байна. Үр дүнд нь Монгол Улсад эдийн засгийн ужиг хямрал, ажилгүйдэл, ядуурал бий болсон гэдгийг холбогдох мэргэжилтнүүд статистикаар тодруулжээ. Тиймээс энэхүү завхралыг арилгах үүднээс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг цаг алдалгүй батлан гаргах нийгмийн хэрэгцээ шаардлага нэгэнт бий болоод байгааг мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлж байна.

Засгийн газар болон УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нараас худалдан авах ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Харин хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг өнгөрөгч оны тавдугаар сарын 16-нд УИХ-аар хэлэлцэн, дэмжсэнээр хэлэлцүүлэг эхэлсэн бөгөөд Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг байгуулагдсан байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь цахим худалдан авах ажиллагааны иж бүрэн зохицуулалтыг бий болгох, ногоон худалдан авалт, урьдчилсан худалдан авалтыг нэвтрүүлэх, худалдан авах ажиллагааны шуурхай, ил тод байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг шинэлэг дэвшилттэй арга замыг санал болгосон. Харин УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөлд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, худалдан авах ажиллагаанд чанарын үзүүлэлтийг гол болгох зэрэг өөрчлөлтийг тусгажээ.

Түүнчлэн Сангийн яамны боловсруулсан хуулийн төсөлд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хуулийн холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгож, зохих өөрчлөлтүүдийг тусгасны зэрэгцээ худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах үүднээс тендерийн хүчинтэй байх хугацааг багасгажээ. Мөн 20 сая төгрөгийн барьцаа төлбөр байршуулж гомдол гаргах, гомдол нь үндэслэлтэй бол барьцаа төлбөрийг буцаан олгох зохицуулалтыг нэмж тусгасан бөгөөд ингэснээр үндэслэлгүй гомдол гаргах явдал буурна гэж тусгажээ.

Харин МҮХАҮТ-аас тендерт оролцогчид тендер шалгаруулалттай холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлэх буюу захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа явуулахын тулд 20 сая төгрөг хүртэл хэмжээний барьцаа төлдөг байх нь өрсөлдөөнийг хязгаарлаж, тендер шалгаруулалтыг шударгаар явагдах баталгааг үгүй болгож байна хэмээн үзэж байгаа юм. Сүүлийн үед тендер шалгаруулалтыг санаатайгаар удаашруулах, өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор гомдол, маргаан гаргах байдал нэмэгдсэн. Тухайлбал, 2017 онд 5900 орчим тендер зарласны 813 тендерт гомдол, санал ирсэн. Улс орны бүтээн байгуулалттай холбоотой төсөл арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэх зорилготой гэж тайлбарлажээ.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2017 оны худалдан авах ажиллагааны тайланд 813 гомдлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээж аваад 453 гомдлыг хангаж, захиалагчийн шийдвэр хуульд нийцээгүй, харин 222 гомдол нь үндэслэлгүй буюу захиалагчийн шийдвэр хуульд нийцсэн гэж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, тэдгээр 813 гомдлын 55,3 хувь буюу дийлэнх нь үндэслэлтэй байж тендерт оролцогчдын хяналтын үндсэнд зөрчлийг арилгасан байна. Энэ үүднээс тендер шалгаруулалт зохион байгуулж буй захиалагчдын тендер шалгаруулалтын ур чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах ёстой. Харин тендерт оролцогчдоос ирүүлж буй гомдлын тоог механикаар бууруулах оролдлого хийж байгаа нь хууль бус тендер шалгаруулалтыг илрүүлэх нөхцөл, бололцоог үлэмж хэмжээгээр хязгаарлах юм гэж үзэж байгаа юм.

Дэлхий нийтэд тендерт оролцогчид захиргааны байгууллагад гомдол гаргахад нь барьцаа шаарддаг практик түгээмэл биш байдаг байна. Харин шаардлагатай бол шүүхийн шатанд гомдол гаргахад нь барьцаа байршуулахыг шаарддаг хувилбар байх нь тохиромжтой хэмээн үйлдвэрлэгчид үзэж байгаа юм.

Захиргааны байгууллагад гомдол гаргахад барьцаа авдаг жишиг нь манай орон шиг эрх зүйн хөгжил сул, захиалагчдын хуульд нийцүүлэн худалдан авах ажиллагаа явуулах чадвар дутмаг, аж ахуй эрхлэгчдийн эдийн засгийн чадавх сул байгаа улс орны хувьд зохимжгүй бөгөөд өндөр хөгжсөн улсуудад ийм аргыг хэрэглэх нөхцөл боломж бүрдсэн байдаг байна.

 

Түүнчлэн хувийн хэвшлийн төлөөллүүд сонгон шалгаруулалтыг өөрсдийн шалгуураар явуулж, авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхлын зөрчил үүсгэх, тэгш эрхтэйгээр өрсөлдөх боломжийг хязгаарласан, чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих нөхцөлийг засч залруулахыг нэн түрүүнд хүсч байгаа юм. Ийм нэгэн холбогдох хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх чуулганы босгоор давах эсэхийг түмэн олон харж сууна…

О.Гэрэл

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.