Ажилгүй залхуу хүмүүс улсдаа тээр зовлон болдог бол хэт ажилсаг хүмүүс ч бас асуудал дагуулдаг ажээ. Ажилсаг, хөдөлмөрч гэдгээрээ дэлхийд алдартай япончуудын амьдралын дадал хэвшлийг өөрчлөх гэж эрх баригчид нь янз бүрийн арга сэдэж байна. Учир нь, ард иргэдээ л ажлаа эрт тардаг, ар гэртээ амраадаг болгочихвол улсын хэмжээний толгой өвтгөсөн асуудлуудыг шийдэх гээд байгаа юм.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд тус улсын Засгийн газар “Premium Friday” буюу “Урамшууллын баасан гараг” хэмээн санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ бол сар бүрийн сүүлчийн долоо хоногийн баасан гарагт төрийн, хувийн хэвшлийн ялгаагүй бүх байгууллагын ажилтнуудыг хагас цагаар ажиллуулж, амралтын цагийг нь нэмэгдүүлэх хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр албан байгууллагын ажилтнууд өдрийн 15 цаг гэхэд ажлаа тарж болно. Тэр бүү хэл ажлаа эрт тарсны төлөө бонус өгнө гээч.
Жишээлбэл, Токиод төвтэй олон нийтийн харилцааны “Sunny Side Up” хэмээх компани энэ санаачилгыг дэмжиж, ажилтнуудаа баасан гарагт эрт тарахыг уриалаад зогсохгүй амралтаа зугаатай өнгөрүүлэхэд нь зориулж 3200 иен буюу ойролцоогоор 28 доллар бүхий дугтуйг гарт нь атгуулдаг аж. Эрт тарсны урамшуулал авсан ажилтнууд ойролцоох паб, зоогийн газрыг зорих юм уу, үзвэр үзэх гээд бүх зүйл нээлттэй.
Хэрэв манай Монголд хэрэгжүүлсэн бол хүн бүрийн дуртайяа дагаж мөрдөх энэ санаачилгыг харин япончууд төдийлэн хэрэгжүүлэхгүй байгаа нь гадаадынхны гайхширлыг төрүүлж байна. Ажлаа эрт тарвал мөнгө өгье гэсэн ч үдэш орой хүртэл сунаж ажилласаар сурсан япончууд ширээнийхээ ард суусаар л. Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш хоёр сарын нүүр үзээд байгаа ч “Урамшууллын баасан гараг” хөтөлбөр амжилт олох болоогүй л байна.
Дэлхийн II дайны дараа улсаа хөл дээр нь зогсоож, цэрэг зэвсгээр бус эдийн засгаар дэлхийг байлдан дагуулах зорилго тавьсан япончууд 70 гаруй жил “амралтгүй” ажилласаар бүр дасал болжээ. Одоо тэднийг амар гэсэн ч амардаг хүн алга.
Хийх ажил багатай байсан ч оффистоо, ширээнийхээ ард шөнө орой болтол суух нь ажлын байрны соёл болтлоо түгсэн энэ улсад барууны орнууд шиг ажлаа яс цагтаа тарж, үдэш оройн цагийг өөртөө, гэр бүлдээ зарцуулах шинэ соёлд сургахад нэлээд хугацаа шаардлагатай бололтой.
Уг нь япончууд амраад сурчихвал нийгэм, эдийн засгийн маш том асуудлууд аяндаа шийдэгдэнэ гэсэн хүлээлт байгаа юм. Тухайлбал, ажлын их ачааллаас үүссэн стресс ядаргаагаа тайлахад нэн тустай. Үнэндээ зарим компани, албан байгууллагууд нүсэр их ачаалалтай байдаг ч зарим тохиолдолд хийх ажилгүй байсан ч дээд удирдлага, дарга нь тараагүй бол түрүүлж явдаггүй бичигдээгүй хууль япончуудад бий. Үүнээс болж ажлын ачааллаа дийлэхгүй амиа хорлох явдал цөөнгүй гардаг. Үүнийг кароши гэж нэрлэдэг бөгөөд 2015 онд гэхэд 2159 тохиолдол бүртгэгджээ.
Өнгөрсөн онд Японы алдартай зар сурталчилгааны агентлагийн удирдлага ийм явдлаас болж олон нийтээс уучлал гуйсан билээ. Тус компанид ажилд ороод удаагүй шинэхэн ажилтан хэт их ачаалал, дарга нарын дарамт шахалтыг дийлэлгүй 2015 оны зул сарын баярын өдөр амиа хорлосон юм. Хэргийг цагдаагийнхан шалгасаар эцэстээ ажлын байрны дарамт, ачаалал амиа егүүтгэхэд хүргэсэн гэж тогтоосон юм. Талийгаач тэр сард 100-аас дээш цагаар илүү цагийн ажил хийсэн байжээ. Гэхдээ хамгийн харамсалтай нь энэ ганц удаагийн тохиолдол биш. Өөр олон тохиолдол бий. Тиймээс юун түрүүнд иргэдээ ажлаас үүдсэн стрессээ тайлж чаддаг болгохын тулд Засгийн газар нь компаниудыг илүү цагаар ажиллах дээд хязгаараа багасгах, баасан гарагт эрт тарахыг урамшуулах бодлого барьж эхэлсэн юм. Засгийн газрын гаргасан илтгэлд дурдсанаар одоогоор тус улсын нийт компанийн 25-аас дээш хувьд ажилтнууд нь сардаа 80-аас дээш цагаар илүү цагийн ажил хийдэг аж.
Илүү цагаар ажиллахыг ердийн үзэгдэл гэж боддог япончууд урамшууллын хоёр ч баасан гарагийг өнгөрүүлсэн ч компаниуд ч, ажилтнууд ч тун идэвхгүй оролцож байгаа нь харагджээ.
Урамшууллын баасан гарагийг хэрвээ дэлгэрүүлвэл Японы нийгэмд өөрчлөлт авчрах нөгөө нэг сайн тал нь гэр бүлийн харилцаанд өөрчлөлт гарч, эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээлд гаргаж ирэх, хүн ам, хөдөлмөрийн хүчийг нэмэгдүүлэх гэж харж байгаа.
Япон эрчүүд цаг наргүй ажилласаар, гэр бүлийн үүрэг хариуцлагыг бүхэлд нь эмэгтэйчүүд, эзэгтэй нарт үүрүүлж орхидог. Энэ уламжлал нь өнөө цагийн бүсгүйчүүдийг гэр бүлийн амьдралд ороход хамгийн том саад бэрхшээл болж байгаа юм. Хүнтэй суувал ажил мэргэжил, карьер бүх зүйлээ орхих болдог учраас бүсгүйчүүд нөхөрт гарахаас хойргоших хандлага маш түгээмэл болсон. Үүнээс болоод эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд идэвхгүй болсны зэрэгцээ, хүн амын өсөлт буурахад ч нөлөөлж байгаа юм.
Хэрэв япон эрчүүд гэр бүлийнхээ амьдралд илүү идэвхтэй оролцож, үүрэг хариуцлагаа ижил тэгш хүлээдэг болвол эмэгтэйчүүд гэрийн эзэгтэй болохоос халширч зугтахгүй, бас хүүхэд төрүүлсэн ч ажлын байрандаа эргэж орох боломжтой болно. Үүнийг дагаад хүн амын тоо ч нэмэгдэх боломжтой.
Өөрөөр хэлбэл, япончуудыг эрт тардаг, гэртээ эрт харьдаг, ажил амьдралаа зөв зохицуулдаг болговол нэг байтугай хэд хэдэн туулайг зэрэг буудахаар байгаа юм. Эдийн засаг, нийгмийн хувьд ийм өндөр ач холбогдолтой учраас Ерөнхий сайд Шинзо Абэ өөрөөрөө үлгэрлэн, хоёрдугаар сарын сүүлчийн баасан гарагт 15 цагт ажлаа тарж, үзвэр үзэхээр явсан юм. Ерөнхий сайдын энэ жишгээр 130 компани, аж ахуйн нэгж “Урамшууллын баасан гараг”-ийг өөрийн байгууллагад хэрэгжүүлэхээ Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яаманд мэдэгджээ. Тэр дунд “SoftBank Group”, “Toyota Motor”, “Nissan Motor”, “Nomura Holdings” зэрэг томоохон компаниуд ч багтаж байгаа аж.
Ажилтнууд эрт тарснаар ажлын ачааллаа тайлж, сэтгэл санаагаар өөдрөг болох үр дүнтэй бөгөөд энэ эргээд ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж аяныг санаачлагчид найдаж байгаа юм. Түүнчлэн эрт тарсан хүмүүс үзвэр үйлчилгээнд цагаа зориулах учраас эдийн засгийн эргэлтэд ч нэмэртэй гэж тооцож байна. Амрах цаг нэмэгдсэнээр япончуудын хэрэглээ нэмэгдэж, улмаар эдийн засгийн эргэлт 63,5 тэрбум иенээр нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ.
Харин энэ бүх давуу талыг япончууд хэзээ ойлгож, улсынхаа эдийн засагт бодитой хувь нэмэр оруулахыг цаг хугацаа л харуулах биз ээ.
Б.Номун
87350
30347
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.