Хоёр улсын гадаад худалдааны эргэлт 22 хувиар нэмэгджээ

2019-02-2 Бизнес

МҮХАҮТ, Беларусийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Монгол-Беларусийн бизнес уулзалт зохион байгууллаа. Манай хоёр орны гадаад худалдааны эргэлт 2018 оны байдлаар 13 сая ам. доллар болсон нь өнгөрсөн жилийнхээс 22 хувиар нэмэгджээ.

Бизнес уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, БНБУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурной, Беларусийн худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Минскийн салбарын эдийн засгийн гадаад харилцаа хариуцсан орлогч дарга Дубова Татьяна Ярославовна болон тус улсын бизнес эрхлэгчид, ААН компаниудын төлөөлөл оролцов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, хүнсний компаниуд тухайлбал, манай улсад техник, тоног төхөөрөмжөө нийлүүлдэг ачаа, зорчигч тээвэр, чиргүүлийн техник, автомашины эд анги, тусгай зориулалтын техник үйлдвэрлэдэг “Белавтомаз” холдингийн удирдагч компани-“Маз” ХХК“, “Гомсельмаш” ХХК, “Шахтоспестрой “трест” ХХК зэрэг 10 гаруй компани, монголын талаас “Гацуурт” ХХК, Дулааны Цахилгаан 2 дугаар станц, Барилга хот байгуулалтын яам, “Хасу Мегаватт” групп оролцож бизнесийн санал солилцлоо.

Уулзалтад оролцсон монголын компаниуд хүнсний бүтээгдэхүүн авах ялангуяа тээврийн асуудлуудыг хөндөв. Хоёр улсын хооронд техник, тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн асуудал нэлээд бэрхшээлтэй байдаг талаар бизнес эрхлэгчид ярьсан юм. Тухайлбал, Увс аймгийн Тэс суманд махны үйлдвэр баригдан, үйл ажиллагаагаа эхлээд байгаа хэдий ч тээвэрлэлтийн асуудлаас болж үйлдвэрлэл удаашрах байдалтай байгаа аж. Махаа экспортлох, Беларусаас тоног төхөөрөмжөө авах зэрэгт тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байдаг байна. Тус үйлдвэр тоног төхөөрөмжөө Красноярскаас авах гэрээ хийжээ. Красноярскаас Улаанбаатар хүртэл 2500 километр, Улаанбаатараас Увс аймаг руу явахад 1500 км, нийтдээ 4000 км зам туулдаг. Харин Увс аймгаас Красноярск руу 1000 км зам туулаад төхөөрөмжөө оруулах боломжтой байдаг талаар бизнес эрхлэгчид хэлээд, хоёр талын Танхимууд энэ талд дэмжлэг туслалцаа үзүүлж, төр засгийн байгууллагуудад уламжлан бизнесийн үйл ажиллагаагаа явуулахад туслах талд анхаарч өгөхийг хүслээ.

Хоёр талын Танхимууд гадаад худалдааны үйл ажиллагаанд тээврийн асуудлууд цаашдаа гарах магадлалтай тул энэ асуудлыг талууд нарийн судалж хамтран ажиллахад санал нэгдэв.

Монгол Улс ОХУ, БНХАУ-ын дараагаар Беларусь Улстай идэвхтэй тээвэрлэлт хийдэг. Хоёр улс жилдээ ачаа, зорчигч тээврийн 200 гаруй зөвшөөрлийн бичиг солилцож, 50 орчим хувь нь л ашиглагддаг байсан бол 2016 оноос тээвэрлэлтийн хэмжээ эрс нэмэгдэж, 2018 онд 625 зөвшөөрлийн бичиг солилцон тээвэрлэлт идэвхтэй явагдаж байна.

Беларусийн ХАҮТ-аас энэ оны 06 дугаар сарын 4-ноос 9-ны өдрүүдэд Минск хотод болох “Белагро-2019” хөдөө аж ахуйн үзэсгэлэнд монголын аж ахуйн нэгж, компаниудыг оролцохыг урилаа.

Мөн үеэр МҮХАҮТ болон Беларусийн ХАҮТ-ын хамтын ажиллах гэрээг үзэглэв. Танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш хэлэхдээ, “Манай улс Евроазийн Эдийн засгийн комисстой чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр байгуулахаар ярьж байна. Хоёр орны хооронд худалдааны эргэлт өнгөрсөн онд өмнөх жилийнхээс 22 хувиар нэмэгдсэн. Энэ нь Монголд шинэ зах зээл нээгдэж, шинэ бүтээгдэхүүн орж ирэх, нөгөө талаас манай бараа, бүтээгдэхүүнийг шинэ зах зээлд гаргах боломж нээгдэж байна. Хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах үүднээс хоёр орны ХАҮТ хамтран ажиллах гэрээгээ шинэчилж байна. Хоёр улсын Элчин сайдын яамд хамтран хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх талаас нь цогц ажлуудыг зохион байгуулах ёстой гэдэгт бид санал нэгдлээ. Беларусь Улс хүнс, хөдөө аж ахуйн салбарт ОХУ-тай хамгийн амжилттайгаар экспорт хийж байгаа орон. Манайх бүтээгдэхүүнээ Белорусь руу нийлүүлэх, Белорусийн техник тоног төхөөрөмжийг нийлүүлэх боломж бий. Энэ талаарх гэрээ хэлэлцээр хийгдэж байна” гэлээ.

Хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааны талаар Беларусь улсын ХАҮТ-ын Эдийн засгийн гадаад харилцаа хариуцсан орлогч дарга, хатагтай Т.Я.Дубова хэлэхдээ, “Бид Монгол дахь худалдааны эргэлтээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой ирээд байна. Монголд Беларусийн машин механизмын томоохон үйлдвэрүүдийн төлөөлөл ажиллаж байгаа хамтын ажиллагааны бэлэн талбар бидэнд бий. Энэ удаа бид Монголд гурилын үйлдвэрийн элеватор нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн МҮХАҮТ-тай хамтран ажиллах гэрээгээ шинэчилж байна” гэв.

Манай улсад үйл ажиллагаа явуулаад 12 жил болж буй “Белаз” үйлдвэр энэ хугацаанд уул уурхайн салбарт 100 гаруй самосвал автотехник “Белаз” нийлүүлжээ.

Монгол дахь төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Л.Я.Слободский хэлэхдээ, манай техникийг монголчууд сайн мэддэг болохоор Монголд ажиллахад бидэнд их амар байдаг. Бидний нийлүүлдэг техник хэрэгслийг Монголд өмнийн говиос Сүхбаатар аймаг, Хөвсгөл хүртэл өргөн уудам нутаг дэвсгэрийн хаана ч харж болно. Бид үйл ажиллагаагаа аймаг, орон нутагт засвар үйлчилгээний станцуудыг байгуулах замаар өргөжүүлж байна. Анхны газраа Тавантолгойн ордод ойрхон, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нээгээд байна. Улаанбаатарт “Белаз”-ын засвар үйлчилгээний төв ажиллаж байгаад хэрэглэгчид маань сэтгэл хангалуун байдаг. Өнөөдөр Монголд хаана манай техник байна, тэнд явуулын 6 оператор баг ажиллаж байгаа” гэв.

“Белаз” үйлдвэр Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулж, энэ хүрээнд жил бүр 6 залууг Беларусьт техникийн коллежид сургахаар болж байгаа юм.

Беларусь Улсын бизнесийн төлөөлөгчид манай улсад дөрвөн өдөр айлчилсан бөгөөд ХАА, газар тариалангийн салбарын техникийн шинэчлэлийн хүрээнд ХХААХҮЯ-тай хамтран ажиллах гэрээ байгуулахаар боллоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.