Ажил олгогч шилдэг компаниуд

2019-01-18 Ертөнц


Forbes нь түүхэндээ анх удаа хамгийн сайн ажил олгогчдын жагсаалтыг гаргажээ. Жагсаалт гаргахын тулд дэлхийн хамгийн том олон нийтийн компаниудын мэдээллийг цуглуулж, Statist-ын сервисээс 36 мянган гаруй лавлагаа авч шинжилж үзсэн байна. 2000 компанийн ажилтнуудад ажил олгогчоо үнэлэхийг хүссэнээс гадна найз нөхөд, гэр бүлийнхэндээ өөрөө ажиллаж байгаа байгууллагадаа орохыг санал болгох магадлал хэр зэрэг байгааг асуужээ. Түүнчлэн ажлын нөхцөл илүү сайн бусад компаниудыг санал болгохыг тэднээс хүссэн байна. Энэ санал асуулгад үндэслэн Forbes нь “Дэлхийн шилдэг ажил олгогч компаниуд- 500”-г гаргасан юм. Эхний арвыг танилцуулъя.

10. LG Corp. “Мөрөөдлийн ажлын байр” -ны рейтингийг 82 мянган хүн ажиллуулдаг Өмнөд Солонгосын компани нээж байна. Компанийн вэбсайтад “Ажилтнуудад өсч хөгжихөд хангалттай боломж олгож, бүх үе шатанд бүтээмжид нь дүйцэхүйц шагналыг олгоно” гэж бичсэн байдаг. Сайтууд дээр LG корпорацийн ажлын талаар хангалттай эерэг, сөрөг сэтгэгдэл байдаг юм. Хамгийн их сөрөг сэтгэгдэл нь илүү цагаар ажиллуулах явдал байдаг ч гэсэн саатдаггүй цалин, үнэгүй үдийн хоол, цэвэр, тохилог албан тасалгаа зэргийг магтдаг байна.

9. Investor AB. 1916 онд байгуулагдсан Шведийн хөрөнгө оруулалтын компани юм. Компани нь ажиллагсдыг татах, барьж байхын тулд хамт олон дотор бие биенээ хүндэтгэсэн, найрсаг орчныг бий болгоход анхаардаг бөгөөд мэргэжлийн хувьд өсөх боломж үргэлж олгодог байна. Investor AB-д ажиллах нэмэлт давуу талууд: үнэгүй хоол, уян хатан ажлын цаг, байнга хийдэг үнэгүй семинарууд. Мөн Христийн мэндэлсний баяраар ажилтнууд нь мэндчилгээ хүлээн авдаг бөгөөд энэ нь жижиг боловч таатай юм.

8. IBM. АНУ-ын IT үйлчилгээ, тоног төхөөрөмж, программ хангамж үйлдвэрлэгч томоохон компани нь компанид ажиллаж буй эмэгтэйчүүдийг бололцоогоор хангахад ихээхэн анхаардаг ажээ. Корпорацийн дотоод соёл, ажлын нөхцөл нь эмэгтэй ажиллагсадыг технологийн салбарт амжилтанд хүрч чадахаар зохион байгуулсан байна. IBM-д ажиллах өөр нэг давуу тал нь гэрээсээ гаралгүйгээр “юмаа эрхлэх” бололцоо юм. Америкийн энэхүү корпораци нь гэртээ ажлаа хийх салбарт анхдагчдын нэг билээ. IBM- ийн мянга мянган америк ажилтнууд гэр орондоо ажилладаг байна.

7. Williams. АНУ-ын газрын тосны компани нь ажилчдад хийдэг сургалтын хөтөлбөрүүд, хамт олны чөлөөтэй уур амьсгалаараа өндөр үнэлэгддэг. Гэвч Williams-д ажиллаж байсан нэгэн хүн “Компанийн соёл нь маш хэцүү. Бүтээлч хүмүүст тохиромжтой газар биш. Тэд ихэвчлэн маш их сэтгэлээр унасан байдаг” гэж бичсэн байна. Түүнчлэн компанид удаан хугацаагаар ажиллаж байж л тэтгэвэрт гарах болно.

6. Daimler. Энэ компанийг үндэслэгч Готлиб Даймлер, Карл Бенз нар нь машины түүхийг үндэслэсэн хүмүүсийн нэг юм. Автын салбарт анхдагч болсон Даймлер компани нь герман чанартай, нэр хүндтэй машин үйлдвэрлэхээ үргэлжлүүлсээр байна.

Компани нь “Камаз”-ын 15%, Тесла Моторс компанийн 10% -ийг эзэмшдэг. Даймлерын ажилчдыг өрсөлдөгчид компаниасаа өндөр цалин, урт амралт, уян хатан ажлын хуваарь, гэрээсээ ажиллах боломж татдаг. Тус компани нь боловсруулалтаас эхлээд үйлдвэрлэх хүртэл машин үйлдвэрлэлийн олон салбарт ажилладаг байна.

5. Noble Energy. Газрын тос, хий олборлодог америкийн Noble Energy компани нь 2017 оны хамгийн сайн ажил олгогч 5 компанийн эхэнд нь жагсаж байна. Дасгал хийх танхим, байнга зохион байгуулдаг хамт олноо нягтруулах арга хэмжээ, үнэгүй кофе, өндөр цалин нь ажилчдыг татдаг. Түүнээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдлын арга хэмжээнд маш их анхаарал тавьдаг байна.

4. Apple. Хамгийн нэр хүндтэй ажил олгогчдын дөрөвдүгээрт жагсаж байгаа Apple нь дэлхийн хамгийн үнэтэй брэнд юм. Ажилтнууд нь зөвхөн өндөр цалин авахаас гадна Apple-ын бүтээгдэхүүнд тусгай хөнгөлөлт авах эрхийг эдлэнэ. Үүнээс гадна, Apple нь ажилтнуудаа “шар айргийн баяр”-аар шагнаж, мөн “алиман” бүтээгдэхүүний ойн ёслол дээр алдартай дуу хөгжмийн оддуудыг тоглуулдаг байна.

3. Japan Exchange Group. Tokyo Stock Exchange ба Osaka Securities Exchange-г оролцуулан хэд хэдэн үнэт цаасны биржийг удирддаг Японы санхүүгийн корпораци юм. Энэ корпорацид ажиллах нь маш их нэр хүндтэй байдаг хэдий ч япончуудын илүү цагаар ажиллах уламжлалаас үүдэн европчуудад маш их ядаргаатай санагддаг аж.

2. Microsoft. Ажиллагс­дад өгөх үнэгүй ундаа, шинээр орсон хүмүүст хүндэтгэлтэй хандах хандлага, стандарт бус сэтгэлгээг урамшуулан дэмжих зэрэг нь энэ корпорацид ажиллах давуу тал юм. Майкрософт компанийн 150 хотхонд 5000 гаруй төрлийн орчин үеийн урлагийн бүтээлийг үзэх боломжтой аж. Майкрософтын төлөөлөгчийн хэлснээр урлаг бол ажлын байран дахь стрессийг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд тусалдаг байна. 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн Microsoft компани 20 долоо хоногийн жирэмсний амралтын мөнгө төлж эхэлсэн байна (өмнө нь 8 долоо хоног байсан юм). Ингэхдээ шинэ төрсөн хүүхдийг асран халамжлах эмэгтэй ч байсан, эрэгтэй ч байсан амралт авч болно. Түүнээс гадна корпорацийн ажилтнууд ажилласан жилийн ойгоо тэмдэглэх эртний уламжлалтай бөгөөд хамт ажиллагсадаа M&M’s-н шоколадан чихрээр дайлдаг байна. Харин зохион бүтээгчдэд патент тус бүрийн хувьд 1,500 долларын шагнал хүртээдэг бөгөөд тусгай гэрчилгээ, модон “дурсгалт товруу” өгдөг ажээ.

1. Alphabet. Урьд нь Google Inc-ийн эзэмшдэг хэд хэдэн компанийг нэгтгэсэн холдинг нь ажиллах хамгийн сайн газар байсан уламжлалтай бөгөөд байсаар л байна. Үнэгүй амтат хоол, тансаг танхимууд, сайн тавилгатай тоглоомын талбай – энэ нь ажилчдад зориулсан урамшууллын бүрэн жагсаалт биш юм. Сүүлийн жилүүдэд гарч ирсэн хамгийн том урамшуулал нь бүрэн бус ажлын өдөртэй ажилчдын эрүүл мэндийн даатгал билээ. Одоогоор Alphabet-д 72 мянга орчим хүн ажиллаж байна.

Сонирхолтой баримт: Хөдөлмөрийн зах зээл дээрх шилдэг компаниуд болох Apple, Google, Microsoft нь дэлхийн хамгийн үнэтэй 3 брэнд юм.

Бэлтгэсэн Д.Баярцэнгэл

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.