АН-ын бүлэг хүүхдийн мөнгийг хасахын эсрэг хатуу зогсоно

2017-04-13 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр 2017 оны Улсын төсвийн тодотголтой холбогдуулан хэвлэлийн хурал хийж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны өмнө АН-ын бүлэг тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж, таван өдрийн завсарлага хүссэн боловч эрх баригчид гуравхан цагийн завсарлага өгсөн  юм. Хэвлэлийн хуралд бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар оролцлоо.

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Монгол Улс  70 мянган хүүхдийн асуудлыг өөрсдөө шийдэж чадахгүй болжээ

Асуудлын гол нь цаг хугацаандаа биш, төсөвт иргэдийн аж амьдрад, нийгмийн нөхцөл байдалтай уялдсан зүйлүүд байсан учир бид анхаарлаа хандуулсан юм. Энэ төсвийн тодотгол ОУВС-гийн шаардлагаар батлагдах гэж байна. Үндсэндээ бүх асуудлаар санал нэгдчихсэн, бүгд кнопдоод баталчих юм шиг байна.

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэлгүй яаран шийдэх шаардлага байсан уу гэдэгт Ардчилсан нам  анхаарлаа хандуулсан. Ардчилсан нам  сөрөг хүчин боловч асуудлыг зогсоож, хэт нэг тал руу туйлшрах бодлогыг бариагүй.  Нийгмийн зөв, эерэг уур амьсгалыг эрх баригчдад мэдүүлэх үүргийг хүлээсэн учраас ийм үйлдэл хийж байна.

Өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөрт нийгмийн бүх давхаргын асуудлыг хөндсөн. Төсөв, эдийн засгийн нөхцөл байдал нэрийн дор бүх төрлийн татварыг нэмлээ. Татвар нэмж болох ч нөгөө талдаа зардал өссөн нь анхаарал татаж байна. Ерөнхий сайд саяхан “Бүсээ чангална” гэж ард түмэнд хэлсэн. Харин энэ төсөв Ерөнхий сайдын хэлсний эсрэг орж ирж  байна.
Төр бүсээ сайн суллаж өгөөд, ард иргэдийг бүх татварын дарамтад оруулж байна. Бид өчигдөр ОУВС-ийн суурин төлөөлөгчийг урьсан боловч ирээгүй. Ирэхгүй байгаа нь өөрсдийнхөө хөтөлбөрийг тулган шаардаж байгаагийн илэрхийлэл. Б.Чойжилсүрэн сайд нь худлаа яриад байна уу эсвэл ОУВС хөтөлбөрөө ингэж шахаад байна уу.

Хүүхдийн мөнгийг 60 хувь болгож бууруулаад, одоо 40 руу шахаж байгааг нь “боль” гэж хэлсэн. 70 мянган хүүхдийн зөрүү буюу 17 тэрбум төгрөг. Хүүхдээрээ эдийн засгийн өсөлтөө нөхүүлэх хэмжээнд хүрчихсэн юм уу. Монгол Улсын санхүү, эдийн засгийн эрх мэдэл Б.Чойжилсүрэн гэдэг Сангийн сайдын эрх мэдлээс гарсан нь 70 мянган хүүхдийнхээ асуудлыг өөрсдөө шийдэх эрхгүй болж байгаагаас харагдлаа.

ОУВС-гийн хөтөлбөрөөр яваад байна уу, эсвэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрийнхөө дагуу ажиллаж байна уу? гэвэл  Харамсалтай нь Засгийн газрын хөтөлбөр биш юм байна. ОУВС-гийн шахалтаар хийсэн төсвийн тодотгол гэдэг нь ойлгомжтой байна.

Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гадаадад боловсрол эзэмшиж байгаа 450 цэргийн албан хаагчийг сургах боломжгүй гэсэн байдлаар төсөв орж ирсэн. Цэрэг офицеруудын нийгмийн халамж алдагдах нөхцөл байдал үүсч мэдэхээр байгаа юм.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:  Төсвийн тодотголыг Ардчилсан нам дэмжих боломжгүй

Хямралаас гарахын тулд аль ч улс орон одоо байгаа ажлын байраа хадгалдаг. Мөн иргэдийнхээ орлогыг бууруулдаггүй. Харин манай төсвийн хүрээний мэдэгдэл үүний эсрэг. Иргэдийн одоогийн бодит орлого гурван чиглэлээр буурахаар орж ирсэн. Цалингийн буюу ХАОАТ-ын дарамт. Өндөр цалинтай хүмүүс цөөн гэж тайлбарлаж байгаа ч тухайн хүмүүсийн ар гэр, энэ орлогоор амьдардаг.

ХАОАТ дээр нийгмийн даатгалын шимтгэлийн 2.5 хувийн дарамт. Нэг хүнд ХАОАТ, нийгмийн даатгалын шимтгэл, хадгаламжийн татвар гэсэн гурван татварын дарамт зэрэг ирнэ. Энэ бол орлогыг нь хадгалах биш бууруулах бодлого. Дээр нь шатахууны татварыг нэмснээр хэрэглээний үнийг шууд нэмэх нөхцөл бүрдэнэ. Ялангуяа энэ хөдөө орон нутгийн иргэдэд шууд тусна.

Гарцаагүй байдалд орсон гэсэн шалтгаанаар төсвийн алдагдлаа нэмээд байх юм бол эдийн засгийн хямрал удаан үргэлжилнэ Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай явъя гэж байгаа бол алдагдлаа нэмэхгүй, зарлагаа бууруулж, орлогоо нэмсэн тодотгол батлах хэрэгтэй. Энэ мэт шалтгааны улмаас төсвийн тодотголыг Ардчилсан нам дэмжих боломжгүй байна гэдэг байр суурийг илэрхийлж байна.

Түүнээс Ардчилсан намынхан ОУВС-гийн хөтөлбөрийн хямд өртөгтэй эх үүсвэр авахыг эсэргүүцэж байгаа асуудал биш. Хөтөлбөрт хамрагдахын тулд бид макро зорилт, төсвийн тэнцлийн орчноо муутгах шаардлагагүй.  Монгол Улс өөрийн гэсэн Засгийн газартай, мөнгөний бодлоготой улс. Ирэх гурван жилд алдагдлаа хэдий хэмжээнд бууруулах вэ гэдэг асуудал манай Засгийн газрын бодлого байх ёстой. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн дэмжлэг хайж байгаа болохоос зөвхөн ОУВС-гийн хөтөлбөр гэдэг нэрийн дор улс өөрийн зорилтоо муутгах шаардлага байхгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ: МАН-д иргэдийн амьдралыг сайжруулах хүсэл байна уу

Аймаг, сумын Засаг дарга нар нэг л орлогчтой байх ёстой. Гэтэл одоо зарим нь хоёр орлогчтой байна. Би хоёр орлогчийн зардлыг хасах, дэд сайдын зардлыг хасах тухай санал гаргасан. Гэтэл МАН-ынхан нийтээрээ инээж байгаад кноп дараад, шийдэж байх жишээтэй. Эндээс энэ хүмүүст улс орны эдийн засгийг сайжруулах, иргэдийн амьдралыг сайжруулах хүсэл байна уу, үгүй юу гэдэг нь тод харагдаж байгаа юм.

С.Гэрэлсүх

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.