Трамп НАТО-г үеэ өнгөрөөсөн гэсэн үгнээсээ буцлаа

2017-04-13 Ертөнц

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд орж ирэхийн өмнө “НАТО-г үеэ өнгөрөөсөн” хэмээн шүүмжилж, Европын холбоотнуудаа цочирдуулж байсан. Тэрээр НАТО-гийн гишүүн орнууд үүрэг хариуцлагаа хүлээж, энэ байгууллагыг санхүүжүүлэхгүй байгаа нь дан ганц АНУ-ын нуруун дээр их ачаа үүрүүлж байна хэмээн ердөө сарын өмнө шүүмжилж байсан.

Гэвч сар хүрэхгүй хугацааны дотор Трампын бодол өөрчлөгджээ. Өчигдөр тэрээр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийг Цагаан ордонд хүлээн авсны дараа хамтарсан хэвлэлийн хурал хийхдээ “НАТО үеэ өнгөрөөсөн байгууллага байхаа больсон” гэв. Д.Трамп “Ерөнхий нарийн бичгийн даргатай хамт НАТО терроризмын эсрэг яаж тэмцэж болох талаар үр дүнтэй яриа өрнүүллээ. Өмнө нь би НАТО-г үеэ өнгөрөөсөн гэж шүүмжилж байсан. Харин тэд өөрчлөлт хийж, одоо терроризмтэй тэмцэж байна. Тийм учраас НАТО бидэнд хэрэгтэй” гэсэн тайлбар өглөө.

Д.Трампын хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер Ерөнхийлөгчийнхөө байр суурийн гэнэтийн өөрчлөлтийг сэтгүүлчдэд тайлбарлахдаа “НАТО-гийн орнууд санхүүгийн амлалтдаа хүрэхээр болсон нь Ерөнхийлөгч бодлоо өөрчлөхөд хүргэсэн” гэжээ.

Гэвч Трампын тайлбар тийм ч үнэмшилтэй биш юм. Учир нь, НАТО гэнэтхэн алан хядлагын эсрэг тэмцэхээр болсон юм биш, Трампаас ч өмнө Афганистаны дайнд оролцож, алан хядлагын эсрэг ажиллаж ирсэн.  Энэ тухай Трампын хажууд зогсоод мэдэгдэл хийсэн Йенс Столтенберг ч яриандаа дурдаад авсан.

Гэвч Трамп бодлоо гэнэт өөрчилснөө тайлбарлахад үүнээс сайхан шалтаг олдоогүй л болов уу, терроризмтэй тэмцэхэд НАТО-гийн хүч хэрэгтэй гэдэг шалтгаанаар энэ байгууллагыг дэмжихээ илэрхийллээ. Хэдийгээр түүний байр сууриа өөрчилсөн нь олон нийтэд гайхшрал төрүүлж байгаа ч Европ дахь холбоотнуудынх нь хувьд сэтгэл амраасан, сайн мэдээ болох нь дамжиггүй.

Ер нь, Трамп НАТО гэлтгүй өнөөгийн олон улсын хамгийн анхаарал татаж байгаа асуудлууд, тухайлбал, Сири, Хятад-АНУ-ын худалдаа, ОХУ-ын харилцаа, НАТО-гийн талаарх гадаад бодлогын байр сууриа огцом өөрчилж байгаа нь анхаарал татаж байгаа билээ.

Б.Номун

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.