Үүрэн телефоны тав дахь үеийн анхдагчид болохоор ид өрсөлдөж байна

2017-07-3 Ертөнц

Өндөр хөгжилтэй орнууд, тэр дундаа мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт дэлхийд тэргүүлэгч компаниуд 5G буюу үүрэн телефоны тав дахь үеийн анхдагчид болохоор ид өрсөлдөж байна. 3G, 4G-гийн араас залган гарч ирэх 5G сүлжээ хэрэглээнд нэвтрэх үед бидний амьдрал огт өөр болох гэнэ.

Юун түрүүнд хэлэхэд, 5G таны төсөөлснөөс ч хурдан байх болно. 5G секундэд 800 гигабитийн хурдтай буюу одоогийн интернэт холболтоос 100 дахин хурдан байх гэнэ. Samsung компани 2013 онд 5G-г 1Gbps /секундэд нэг гигабит/ дээр туршиж үзэх үед хэвлэлүүд энэ тухай “Нэг секундын дотор HD бичлэгтэй нэг кино татаж авна гэсэн үг” хэмээн тайлбарлаж байв.  Харин 800 Gbps гэдэг нь ганцхан секундын дотор 33 HD кино татаж авах хэмжээний хурд юм. Өөрөөр хэлбэл, 5G бидний амьдралд нэвтрэх үед өндөр чанартай бичлэг, киног секундын дотор хэдэн арваар нь татаж авдаг болох ажээ.

Түүнчлэн 5G хэрэглээнд нэвтэрснээр бүхий л зүйл хоорондоо ухаалгаар холбогдох боломжтой болно. Энэ нь сүүлийн үед хүн төрөлхтөний амьдралд идэвхтэй нэвтэрч буй “Internet of Things” буюу хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний эд зүйлсийг хооронд нь сүлжээгээр ухаалгаар холбох дэвшилтэт технологи өргөн хүрээнд хөгжих боломжийг боломж олгох бөгөөд үүгээр хотууд хоорондоо холбогдож, эмч нар алсын зайнаас мэс засал хийж, машиныг жолоочгүйгээр унах мэтийн дэвшлүүд нь өдөр тутмын амьдралын нэг хэсэг болох юм. Өөрөө өөрийгөө жолооддог автомат машинууд хоорондоо холбогддог болох тул осол аваараас сэргийлж чадна. Мөн алсаас гэрийнхээ цахилгаан халаагуурыг асааж унтраах, сүү дуусч байгаа гэх мэтийг хэлж өгдөг хөргөгч зэрэг нь ердийн л зүйл болж, галт тэрэгний аль суудал нь хоосон байгааг зорчигчид буудалд хүлээж зогсохдоо мэдэх гэх мэтийн дэвшлүүд нэвтэрнэ.

Энэ бүх дэвшлийг авчрах 5G сүлжээг амьдралд нэвтрүүлэхэд хэдий хэмжээний өртөг зардал орох нь одоогоор тодорхойгүй байна. Үүн дээр судалгаа хийж буй “Ericsson”, “Huawei” зэрэг компани ч зардал төсөв нь ямар гарахыг хэлж мэдэхгүй байна. Учир нь, 5G-г амьдралд бодитоор хэрэгжүүлэх ажил эхлэх яагаа ч үгүй байгаа юм.

Япон улс 2020 оны олимпийг зохион байгуулах үедээ 5G-г нэвтрүүлсэн анхны орон болохоор эрмэлзэж байна. БНСУ, тэр дундаа “Samsung” 2018 оны өвлийн олимпийн үеэр 5G-г түр хугацаагаар нээхээр ажиллаж байна. Тэгвэл “Huawei” компани ч 2018 Москвагийн ДАШТ-ий үеэр 5G-гийн ид шидийг мэдрүүлэхээр яарч байгаа юм.  5G хэзээ амьдралд нэвтрэх нь тодорхойгүй байгаа энэ үед 6G-гийн тухай яриа ч аль хэдийнэ эхэлсэн бөгөөд 2040 оны үед үүрэн телефоны зургаа дахь үеийн сүлжээ бий болох гэнэ.

Эх сурвалж: Newsmedia.mn

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.