Хөөрхөн юм ярьдаг М.Билэгт гишүүн гэдэг чинь энэ шүү дээ

2018-12-6 Танил биш танил

Парламентын дугуй танхимд ялангуяа, камерын өмнө чухам үнэнийг бодох санах юмгүй тас хийтэл авчихдаг гэнэн ч юм уу тийм нэгэн арван наймт шиг хүн байнаа, байна. Тэр эрхмийн алдарт апаризм өнөөдөр үнэнд дүйж буй. Тийм ээ “Өвөл болохоор хүйтэн болдог”.

Гэхдээ ч эрхэм УИХ-ын гишүүн маань энэ мэтчилэн өсвөр насны гэнэн цайлган охин шиг хөөрхөн юм ярьж байгаад түүгээрээ түмэнд танигдсан азтай.  Ийм гишүүн Монгол Улсын парламентын түүхэнд лав байхгүй л болов уу. Тэр бас “60 тэрбумын хэрэгт хохирогч байхгүй” гэж том дуугарна лээ. Гишүүн маань угаасаа л тийм нэг үгээр илэрхийлэхэд хэцүү үг чулууддаг хүн л дээ. Ёстой нөгөө хэлэх үг олдохгүй байна гэдэг чинь энэ хүнд нийцэж буй юмдаг уу.

Хэдхэн хоногийн өмнө бас төр түшилцэж байгаа түшээ хүний амнаас унагамааргүй жигтэй өгүүлбэр чуулганы танхимд хэлж, олон ч хүнийг элгээр явуулах дөхөв. Гишүүд олноороо жиг жуг гээд л ангайгаад үлдсэн. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг “… шударга байлаа гээд юунд хүрэх юм” гээд л дуугаа өндөрсгөн нам загнав шүү. Нөгөөх нь ч бас мөчөөгөө өгөхгүй. Ийнхүү олон цагаар хуралдаандаа алжаасан ангийн нөхөддөө нэгдсэн журмаар үнэгүй драм үзүүлж, ядарсан олныг сэргээх жишээний.

Ер нь л түүний амнаас гэнэт л сонин содон тэнэгдүү ч гэмээр юм уу тийм нэг хачин үг өгүүлбэр их урсана. Ямар сайндаа л төсөв хэлэлцэж байх үеэр тэрбээр шатахууны үнийн асуудлыг шийдвэрлэх нэгэн “хөгжилтэй” гарц байгааг хэлсэн юм. Мань хүн “…Уг нь жилдээ нэг тэрбум  ам.долларын л шатахуун орж ирдэг юм билээ. Төр 20 сая бог малаар шатахуун бартер хийх юм зохицуулж болно. Энэ талаар Сангийн сайд юу гэж бодож байгаа вэ?” гээд л хэнэг ч үгүй авдаг байгаа. Танхимаар дүүрэн инээдэм. Харин салбарын сайд нь “… Сангийн яам малаар шатахуун солих тийм наймаа ярьдаггүй. Бид нар бодлогоо ярья. Бизнес эрхлэгчид тэр бизнесээ хийвэл зүгээр” хэмээн хариулав. Харин эрхэм эгч үг дуугүй улаа бутарсаар чуулганыг өндөрлүүлсэн дээ.

Гэхдээ ч түүний буруу гэж юу байх вэ. Тэр угаасаа л бизнес сэтгэлгээтэй тэрхүү бүлэглэлийг төлөөлж танхимд суугаа нэгэн. Наймаачны “удам угсааг” амиа гартал халуун цээжээрээ хамгаалахыг яана. Түүний бас нэгэн онч мэргэн үг санаанд буух. Тэрбээр “… муу наймаачин, наймаачин л гэх. Монгол Улс нүүрсээ зарж байгаа нь наймаа биш гэж үү? Цаашид залууст наймаачин болж болохгүй, төрийн албан хаагч болох ёстой гэсэн ойлголт өгөөд байна” гээд л хоолой нь зангирах дөхсөн дэг. Ер нь бизнесийн бүлэглэлд их хайртай. Тэр ч утгаараа жилээс жилд түмний нүдэн дээр данс нь цүндийж, сүүлийн хоёр жилд 1.1 тэрбумын орлоготой ажиллажээ. Түүний хөрөнгө оруулгын мэдүүлэгт 2015 онд 10.8 сая төгрөгийн орлоготой байсан бол 2016 онд 931 сая, 2017 онд 174 сая төгрөгийн орлого олсон байна. Тэгэхээр гишүүн маань зөвхөн цалингаараа энэ их хөрөнгө мөнгийг бөөгнүүлсэн гэвэл үнэнд нийцэхгүй. Тэрбээр 20 гаруй жилийг бизнест зориулсан гэдэг.

Тэрбээр:

– Ачлал групп ХХК 100 хувь

– Ачлал эхлэл ХХК 100 хувь

– Ачлал жаргалан ХХК 100 хувь

– Ачлал оранж ХХК 100 хувь

– Монлаа ХХК 50 хувь гэх компаниудтай нэр холбогддог. Харин өдгөө улстөрч гэх алдрыг хүртчихээд хамаарал бүхий компаниуддаа үр шимтэй суугаа гэх. Улс төрийн хүрээнийхний ярьж буйгаар эрхэм хатагтай албан тушаалаа ашиглан ташуур эргүүлж, Хөгжлийн банкнаас нэн хөнгөлөлттэйгээр 15 сая ам.доллар буюу 37 тэрбум 500 сая орчим төгрөгийн зээлийг  “Ачлал трейд” компаниараа дамжуулан авсан гэдэг. Тэр танхимын гишүүд шиг ЖДҮ-гээс зээл авдаг жижиг гар биш л гэнэ шүү. Харин энэхүү зээлээрээ Хавдар судлалын үндэсний төвийн дэргэд 300 ортой хавдрын эмнэлэг барьж буй юм байх. Харин тэр эмнэлгийг нь төр худалдаж авах тухай асуудал хөвөрсөөр л, яригдсаар л байна. Тэрбээр энэ асуудлын талаар “Одоогоор эхний 120 ортой эмнэлэг нь баригдсан. Би  20 гаруй жил зүтгэж олсон хөрөнгөөрөө дэнчин тавьж  хавдрын эмнэлэг барьж байна” гэсэн юм.

Аан бас эрхэм гишүүн маань тойргийн сонгогч олноо үе үехэн зорьж, данх ч болов өгөөд гарыг нь цайлгачихна. Гэхдээ энэ чинь муугийн ёс биш монгол ёс шүү дээ.

Түүнтэй холбоотой бас нэгэн жигтэй үйлдлийг эргэн санахад, тэрбээр хүчингийн хэрэгт холбогдсон нэгэн эрийг нам хаацайлж олны зэвүүцлийг мөн ч их хүргэсэн дээ. Яагаав нөгөө УИХ-ын гишүүн асан Д.Гантулга. Монгол төрийн түшээ хүчингийн хэрэгт холбогдож нэлээдгүй шуугиан дэгдэж байсан үеэр юмдаг. Ямар сайндаа Өдрийн сонин хүртэл “Саарал ордон маань Салтаа байцаах газар болчихсон юм уу, эрхэм гишүүд ээ” хэмээн бичиж байхав дээ. Монгол төрийн түшээ, Монголын төрт ёсны Их Монгол Улсыг байгуулсан Эзэн Чингис хааны нутгаас төрсөн хүн ийм хөнгөн гоомой зүйл хийх ч гэж дээ гэж ард түмэн ярьсаар байсан үе. Харин ашгүй залуу хүн өөрөө өргөдлөө өгөөд гишүүний суудлаасаа бууж, олны хэл ам тэгсхийгээд намжив.

Тухайн үед УИХ-ын гишүүн М.Билэгт гэх эмэгтэй хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө нөгөө хүүхэн хүчиндсэн гээд байгаа нөхрийг улаан цайм хаацайлж, хамгаалж ярив. Арай ч дээ, монголын эмэгтэйчүүдийг төлөөлж төрд орсон хүн. Үгүй байг гэхэд адилхан эмэгтэй хүн шүү дээ. Бүсгүй хүний бүлээн, зөөлөн сэтгэл, ёс суртахуун хаачих нь энэ вэ. Монголын төрд эмэгтэйчүүдийн дуу хоолойг өргөхөөр орж ирсэн бүсгүй хүн бусдыгаа хүчиндүүлсэн гэхэд хамгаалж, өмгөөлж ам нээх байтал хүчиндэгч гэх нөхрийг өмөөрөөд сууж байх юм. Монголын өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдийн асуудал ийм доромж байдалд хүрсэн юм уу, эрхэм эмэгтэй гишүүд ээ… гээд л цахим орчноор дүүрэн түүнийг буруутгасан хүмүүс байв шив. Харин цаг хугацаа түүний хэлсэн, ярьсан энэ мэтчилэн элдэв балай үг, өгүүлбэрийг мартагнуулж өгдөг нь сайхан юм даа…

О.ГЭРЭЛ

 

 

<

© 2018 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.