Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд уртын урт тээврийг цуцлав

2018-11-28 Байгаль орчин

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд уртын урт тээврийг цуцалж, урт богино болгожээ. Ингэснээр 137 км урт дараалалд буй жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсүүдэд буулгаад буцах юм. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног зогсохгүй болох аж. Түүнчлэн Ерөнхий сайд нүүрс тээврийн 161 компанид жолооч нарын цалинг нэмэгдүүлэхийг уламжилж байна. Мөн ЗТХ-ийн сайд болон Эрүүл мэндийн сайд нарт үүрэг өглөө. Төмөр зам, авто замаа яаравчлуулах, жолооч нарт зориулсан 2500 машин зогсох, амрах өрөөтэй цогцолборыг яаравчлуулах, эрүүл мэндийн явуулын үйлчилгээг тогтмолжуулах арга хэмжээг авахаар боллоо. Өнөөдөр Монгол улс БНХАУ хооронд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй буюу С зөвшөөрөл авсан 6781 тээврийн хэрэгсэл байна. Хилээр гарахгүйгээр тээвэр хийдэг хэрэгсэлтэйгээ нийлээд нийт 13079 тээврийн хэрэгсэл тээвэр хийж байна. 13 мянган жолооч хүнд нөхцөлд төсвийн орлого бүрдүүлэхэд голлох үүрэгтэй ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.