Гадагшаа томилолтыг Я.Содбаатар гишүүн тэргүүлж байна

2018-11-16 Нийтлэл

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд болон өндөр албан тушаалтнуудад холбогдох хэрэг өндрөө авлаа. Жирийн иргэдэд олддоггүй энэ зээлийг төрийн томчууд танил талаараа дамжуулж авсан байхад хэн ч гомдоно, хэн ч харааж зүхнэ, хэн ч хариуцлага нэхнэ. Улсаа хөгжүүлнэ, эдийн засгаа солонгоруулна, жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэж чуулганы индэр дээрээс шударга царайлж байсан гишүүд жилийн гурван хувийн хүүтэй зээлээс чимээгүйхэн хумсалж сууж байхад хэн дуртай байх юм бэ. Гэтэл мань нөхдүүд  хийсэн үйлдэлдээ гэмшиж толгой гудайлгах нь битгий хэл хээв нэг зурагтын камерын өмнө “Сонгогч түмнээсээ уучлалт гуйж байна. Авсан зээлээ эргүүлэн төлнө. Тэрнийхээ өмнөөс уучлалт хүсье” гэх хэдэн жижүүрийн үгээр ам таглах нь арай л аргуун уу, үгүй юу. Харин тэд энэхүү үйлдлээ ёс зүйн хариуцлага хүлээж байна гэх үгээр чимэж нийгэмд түгээж байна. Эхэндээ гарын таван хуруунд багтах тооны гишүүд илчлэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар УИХ, Засгийн газрын гишүүд гээд тоогоо алдаж байна. Ер нь энэ төрд тусгай сангуудаас хөрөнгө мөнгө хумслаагүй ариун явдалтан цөөхөн үлдэх бололтой.

Сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ умартаж, хэрэгт холбогдсон дээрх гишүүд энэ жил чуулганы хуралдаанд хэрхэн оролцсон талаар судалж үзлээ.

Ингэхэд хамгийн их гадаад руу томилолтын “виза” даруулсан гишүүнээр Я.Содбаатар тодорсон бол аман хүзүүнд Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг, УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Саранчимэг нар багтжээ. Тэдний араас УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Н.Учрал нар зуузай холбон явна. Жинхэнэ үйлдвэрлэгчид хөдөө орон нутагт бий гэж УИХ-ын гишүүд, сайд нь хүртэл ам уралдан ярьдаг. Гэтэл тэдэнд хүрэх зээлийг замын дундаас хумсалж, өөрийн бизнест ашигласан тэд хэдэн удаа хөдөө тийш зүглэсэн бол. Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг гэхэд энэ жил хоёр л удаа чуулганаас орон нутагт ажиллах зөвшөөрөл авсан байх юм. Салбар хариуцсан сайд орон нутгийнхныгаа мартах зуур  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хоёр удаа хөдөө тийш хөлгийн жолоо залжээ. Харин Ж.Энхбаяр, Г.Солтан нар тус бүр нэг удаа л явсан байх юм.

За ер нь тэгээд эрхэс гишүүдийн чуулганы хуралдаанаас чөлөө авсан байдлыг дурьдвал тоолж баршгүй. Өнөөх Я.Содбаатар гишүүн гэхэд хуралдаанаас долоон удаа чөлөө авсан байх жишээний. Удаах байранд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Учрал, Б.Наранхүү, Б.Саранчимэг нар оржээ. Иргэд сонгогчид бид ийм л хүмүүсээр төрийн түшээ хийлгэж, нар мандахыг хүлээж сууна.

Сүүлдээ жирийн иргэдийн халаас руу өнгийж хулгай хийдэг болж. Яг ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн төрийн түшээд ямар хариуцлага ногдуулдаг юм бол. Хамгийн ойрын жишээ татахад Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ яг ийм төрлийн хэрэгт холбогдсон. Тухайн үед тус улсын хууль хүчний байгууллага түүний толгойг илээд өнгөрөөсөнгүй. Ажил үүргээс нь буулгаж, 24 жилийн ял сонсгосон. Харин манайд эсрэгээрээ. Өнөөх хэрэгт холбогдсон гэх нөхдүүд ажлаа хийсээр. Амин хувийн эрх ашгаа бодсоор. Төсвийн мөнгөөр гадаад явж, галуу шувууны мах эргүүлсэн шигээ л эрх чөлөөтэй сайхан амьдарч байна. Хэн мөнгөтэй байна. Тэр хүн Монголд хамгийн томоо том. Тэр ч бүү хэл мөнгөтэй дарга нар ирэх сонгуулиар ялаад, эргээд парламентын ордондоо ажиллах талаар ам ангайж эхэллээ шүү.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.