Салбарын сайд хүүхдийн орны ачаалал ихтэй дүүргүүдэд ажиллаа

2018-11-5 Нийтлэл

Томуу, томуу төст өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлгүүдэд авч хэрэгжүүлж буй ажилтай танилцахаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл зэрэг албаны хүмүүс энэ амралтын өдрөөр дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт ажиллаа.

Одоогийн байдлаар нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачааллаас үзэхэд нийт 2239 орон дээр 2376 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, нийт орны ачаалал 6,1 хувиар хэтэрчээ. Шинээр хэвтсэн өвчтний 140 буюу 37,1 хувь нь томуу, томуу төст өвчтэй иргэд эзэлж байгаа аж. Харин хүүхдийн орны ачаалал Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд 47,5 хувь буюу хамгийн их байгаа юм. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 43,6 хувь байгаа бол Баянгол дүүргийнх 33,5 хувиар тус тус нэмэгджээ.

Тиймээс салбарын сайд ачаалал ихтэй байгаа тус дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн удирдлагуудаас томуу, томуу төст өвчлөлийн талаарх цаг үеийн мэдээлэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудал зэрэгтэй танилцлаа.

Тэрбээр томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлаа эрчимжүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ сайжруулахын сацуу эмч ажиллагсдын хуваарилалтыг тодорхой чиглэлээр зохицуулж, бэлэн байдалд ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад даалгалаа.

Тэгэхээр Чингэлтэй дүүргийн хүүхдийн амбулатори нь 2015 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Хүүхэд, чих хамар хоолой, шүд, сэргээн засах эмчилгээ, лаборатори, дархлаажуулалт, дүрс оношилгоо (рентген, хэт авиан оношилгоо)-ны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байна. Одоогийн байдлаар тус эмнэлгийн тухайд, эм хангамжийн нөөц хангалттай байгаа аж. Тиймээс томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улирлыг угтуулж, урьдчилсан байдлаар төлөвлөгөө гарган эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор нийгмийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг сайжруулах, яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжаа нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байгааг эмнэлгийн дарга Ц.Лхагва тодруулсан юм. Мөн өнгөрөгч өвөл тус өвчний дэгдэлт их байсан учир амбулторийн үзлэгийг оройн 22.00 цаг хүртэл иргэдэд хүргээд зогсохгүй бямба гаригт ажиллаж байснаа дуулгасан. Харин энэ жил өвчлөл их байвал эл жишгээр ажиллахаар төлөвлөж буй гэнэ.

Мөн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, нөхцөл байдлын талаар албаны хүмүүс ярилцсан юм. Тус дүүргийн тухайд, одоогийн байдлаар хүүхдийн 200 ортой ажиллаж байна. Харин өвчлөлийн ид дэгдэлтийн үеэр 300 болж нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэдгийг эмнэлгийн дарга энэ үеэр хэлж байсан юм.

Энэхүү эмнэлгийн тухайд, нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихтэй дүүрэгт орж байгаа. Тус өвчнөөр өвчилсөн хүүхдүүд гүйлгэх болон бөөлжих шинж тэмдэг давхар хавсарч байгаа учраас эдгэрэлтийн хугацаа уртасч байгааг эмнэлгийн ажилтнууд онцлон хэлж байсан юм. Харин тус дүүргийн эмнэлгүүд агааржуулалтын асуудлаа бүрэн шийдвэрлэсэн нь бусад дүүргийн эмнэлгүүдээс онцлог харагдаж байлаа.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.