Монголбанк ирэх жил 22 тонн алт худалдан авахаар төлөвлөжээ

2018-10-16 Парламент

Байнгын хороо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Үндсэн чиглэл нь эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт ажиглагдаж буй сэргэлтийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Өнгөрөгч хоёр жилд манай гадаад эрэлт өндөр, худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой байсны зэрэгцээ уул уурхайн хөрөнгө оруулалт тэлж, эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогын үр дүнд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж, бизнесийн орчин алгуур сайжирч буйг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдлаа.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өссөн. Үндсэн чиглэлд инфляцийг 2019-2020 онд жилийн 8 хувь, дунд хугацаанд 6 хувь болгон бууруулахаар тусгасан, түүнчлэн эдийн засгийн өсөлт, түүний үр өгөөжийг тогтвортой түвшинд хамгаалахад инфляцийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэх, банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай гэж Монголбанк үзэж байгаа аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, валютын тогтвортой байдлыг хангах чиглэлд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төвлөж байгааг Д.Эрдэнэбат гишүүн тодрууллаа.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Барятсайхан, “Валютын ханшийн хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, гадаад худалдаа алдагдалтай байгаагаас олон зүйл шалтгаалж байна гэсэн үг. Тиймээс цаашид гадны хөрөнгө оруулалт татах нь амин чухал асуудал. Миний бие өмнө нь Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүстэй уулзаж ярилцсан. Эдгээр хүмүүс “Бид төлбөрийн тэнцлээ сар сараар нь гаргаж, эдийн засгийн бодлогоо төлөвлөдөг байсан” хэмээж байна. Харин өнөөдөр төлбөрийн тэнцлийг ганц ярьдаг газар нь Монголбанк л боллоо. Бид ажлын уялдаа холбоогоо сайжруулж, хамтарч ажиллах нь туйлын чухал байна” хэмээв.

Мөн Б.Жавхлан гишүүн ирэх онд Монголбанк хэдэн тонн алт худалдан авахаар төлөвлөснийг тодруулав. Монголбанк ирэх онд 22 тонн алт худалдан авна. Мөн ААН, иргэдийн алт тушаах ажлыг хялбарчлах, үйлчилгээг ойртуулах зорилгоор Дархан хотод алтны сорьцын лаборатори байгуулсан. Ирэх жилүүдээс дахин хоёр аймагт байгуулахаар төлөвлөж байгааг ажлын хэсгээс хариулав.

Харин Б.Баттөмөр гишүүн Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орох эрсдэл байгаа эсэхийг асуув.

Монгол Улс одоогоор саарал жагсаалтад багтаж байгаа бөгөөд хар жагсаалт руу унахгүйн тулд хичээнгүйлэн ажиллаж байгаагаа Монголбанкны ерөнхийлөгч Н.Барятсайхан хэллээ. Тэрбээр, “Монгол Улсыг терроризмыг санхүүжүүлдэг хэмээн буруутгаж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад ажиллаж буй БНАСАУ-ын иргэд цалингаа ар гэрийнхэндээ илгээдэг. Энэ мөнгө тус улсын төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт болон очдог гэсэн хардлага бий. Түүнчлэн 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталсны дараа 35 их наяд төгрөгийн нууц хөрөнгө ил болсон. Энэ нь Монгол Улс татвараа бүрэн гүйцэд авч чаддаггүй гэсэн хардлагыг гадныханд төрүүлсэн. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй 540 ББСБ, 2000 гаруй хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаанд хяналт тавьдаг газар байхгүй. Энэ бүхэн манайхыг хар жагсаалт руу орох магадлалыг нэмж байгаа юм” гэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.