Ким Жон Ун цөмийн байгууламжуудынхаа жагсаалтыг өгөхөөс татгалзсан байна

2018-10-15 Ертөнц

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сарын эхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой уулзах үеэрээ тус улсад цөмийн байгууламжуудынхаа жагсаалтыг өгөхөөс татгалзсан байна. Тэрээр Пхеньяны эсрэг авсан хориг арга хэмжээг хүчингүй болгож, Америкийн талтай Солонгосын дайн дууссаныг баталсан тунхаг бичиг гарын үсэг зурсны дараа ийм жагсаалтыг гаргаж өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ тухай Японы Иомури Симбум сонин өнөөдрийнхөө дугаарт нийтэлснийг хэвлэлүүд иш татан дамжуулж байна. энд тэмдэглэснээр Америкийн Төрийн нарийн бичгийн дарга өнгөрсөн 10 дугаар сарын 7-нд Ким Жон Ун удирдагчтай уулзахдаа цөмийн байгууламжуудынхаа жагсаалтын хэсгээс дэлгэх хүсэлт тавьсан байна. Үүний хариуд Умард Солонгосын удирдагч 2 улсын хооронд итгэлцлийн харилцаа байхгүй байгаа энэ үеэр жагсаалтыг танилцууллаа ч түүнд итгэхгүй байх боломжтойг сануулсан байна.

Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохын тулд Вашингтон Пхеньяны итгэлцлийн харилцааг юунаас ч түрүүнд тогтоох хэрэгтэйг сануулсан байна. Энэ хооронд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Европын орнуудад айлчлах үеэрээ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход олон улсын хамтын нийгэмлэгийн орнуудыг дэмжлэг үзүүлэхийг уриалахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.