Джамал Инайшвили: Монголд хөрөнгө оруулах таатай нөхцөл үүсэж байна

2018-10-11 Эдийн засаг

“Ази Номхон Далайн Бүс Нутгийн Худалдаа аж үйлдвэрийн Танхимуудын нэгдсэн холбоогоор дамжуулан бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь” чуулган саяхан манай улсад болж өндөрлөсөн билээ. Тус чуулганы талаарх зарим асуудлаар Ази, Номхон далайн бүс нутгийн худалдаа аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч ноён Джамал Инайшвилитай цөөн хором ярилцлаа.

– Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог юу байна вэ? Ялангуяа Монголд хөрөнгө оруулах боломжуудыг та юу гэж харж байна вэ?

– Энэ удаагийн уулзалтаас бид маш их зүйл хүлээж байгаа. Ялангуяа өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд нар хүлээн авч уулзсан. Энэ уулзалтын дараа бид бусад орны хөрөнгө оруулагчидтай уулзаж, ярилцсан. Энэ удаагийн чуулга уулзалтад оролцож байгаа гадаадын төлөөлөгчид Монголд хөрөнгө оруулах ямар боломж байна вэ гэдгийг маш их сонирхож байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газар онцгой анхаарал тавьж ажиллаж байна. Мөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монголд ямар чиглэлээр хөрөнгө оруулалт татах боломжуудыг танилцуулж, мэдээллийг хүргэж байгаа нь хөрөнгө оруулалт татах боломжийг илүү өргөн болгож байна. Монголд хөрөнгө оруулалт татах маш өргөн боломж байгаа.

– Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Ази, Номхон далайн бүс нутгийн худалдаа аж үйлдвэрийн нэгдсэн холбоонд нэгдээд багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдын зүгээс ямар салбарыг илүү сонирхож, хамтарч ажиллаж байсан бэ?

– Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай олон жилийн хугацаанд хамтран ажиллаж байгаа. Одоогоор ийм төсөлд, ингэж хөрөнгө оруулсан гэсэн статистик бэлэн байхгүй байна. Гэхдээ МҮХАҮТ танхим манай хамгийн идэвхтэй танхимын нэг. Монголд маш олон барилга, байгууламж баригдаж, хөгжиж байгаа нь эдийн засаг сэргэж, нааштай байгаагийн илрэл юм. Энэ удаагийн чуулга уулзалт бол хамтын ажиллагааны зөвхөн нэг хэсэг нь.

– Хөрөнгө оруулагчдын зүгээс Монголд ямар салбарт хөрөнгө оруулах сонирхол байна вэ. Монголчуудад ямар салбаруудаа илүү их хөгжүүлэх гарц харагдаж байна вэ?

– Юуны түрүүнд тээвэр зуучлалын салбаруудаа хөгжүүлэх, энэ салбарт томоохон хөрөнгө оруулалт татах боломж байна. ОХУ, Хятад гэсэн хоёр том хөршөөр дамжуулан хамгийн хурдан, хямд үнээр богино хугацаанд тээвэр зуучлалын салбарыг хөгжүүлэх нь том шийдэл болно.

Мөн аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд гурав, дөрвөн одтой зочид буудлуудыг олноор барих нь жуулчлалыг татах нэг боломж. Түүнээс гадна олон улсын нислэгүүд Монголд ирэхэд маш хүндрэлтэй байдаг. Тиймээс төв зангилаа болсон нислэг үйлдэл нь бас нэг шийдэл болж, хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засаг хөгжих байгаа юм.

Дараагийн удаа би бизнесийн багаа авчирна. Ирсэн төлөөлөгчид өөрсдийн улсын хөрөнгө оруулагчдад бодит мэдээлэл өгөх, Монголд хөрөнгө оруулах ямар боломж байгаа талаар мэдээлэл тараах, боломжуудын талаар маш сайн мэдээлэлтэй болоод буцаж байна. Хөрөнгө оруулагчид Монголд ирээд, өөрийн биеэр мэдээлэл авах нь илүү бодитой болно.

Э.Адъяасүрэн

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.