С.Чинзориг сайд сахилга хариуцлагыг чангатгах үүргийг салбарын удирдлагууддаа өглөө

2018-08-20 Нийгэм

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр /2018-08-20/ ХНХЯ-ны харьяа Нийгмийн даатгал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын аймаг, нийслэл, дүүргийн салбар нэгжийн удирдлагуудтай шуурхай хурал хийлээ. Хөдөлмөр, халамжийн ерөнхий газарт зохион байгуулсан уг хурлаар аймгуудын харьяа газрын дарга нартай онлайнаар холбогдож салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тодорхой үүрэг даалгавруудыг өгсөн юм.

Тэрбээр юун түрүүнд газар, хэлтсийн дарга удирдлагуудыг амралтаа дуусгаж яг өнөөдрөөс бүгд ажилдаа орж төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэж ажиллахыг анхааруулав. Иргэдэд явдал чирэгдэлгүй үйлчлэхийн тулд ажил хариуцсан албан тушаалтан амарсан, эзгүй нөхцөлд түүний ажлыг орлон гүйцэтгэх хүнийг заавал томилж байхаас гадна орон нутагт ХНХЯ-ны харьяа газрууд хоорондоо уялдаа холбоотой, нягт хамтран ажилладаг байх ёстойг хэлсэн. Нэгдсэн төлөвлөгөө гарган хамтарч ажиллах нь ажлын үр дүнд сайнаар нөлөөлөхийн хамт төсөв хөрөнгө хэмнэж болохыг С.Чинзориг сайд Хөвсгөл аймгаар жишээ болгон дурдаад дараах үүрэг даалгаврыг харьяа газрын удирдлагуудад өгөв.

Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга батыг чанд сахихыг анхааруулав

Засгийн газраас 2018 оныг сахилга, хариуцлагыг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдын 01 тоот Албан даалгаврын хэрэгжилтийг салбар, орон нутгийн хэмжээнд эрчимжүүлэх хүрээнд төрийн байгууллагын албан өрөөнд согтууруулах ундаа оруулахыг хориглох, аливаа баярыг архи дарсгүй тэмдэглэх, байгууллагын хамт олны зугаалга зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг сайд онцгойлон анхааруулаад төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга батыг чанд сахиж, ажлын байранд архидан согтуурах, ажлын цагийг цалгардуулах, иргэд үйлчлүүлэгчидтэй зүй бус харилцах зэрэг үйлдэлд хатуу хариуцлага тооцож ажиллах хэрэгтэйг удирдлагуудад хатуу анхааруулав.

Мөн энэ оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтээр хангалтгүй үнэлэгдсэн, тасарсан болон хэрэгжилт нь удааширч байгаа ажил, өгөгдсөн үүрэг, даалгаврыг эрчимжүүлж, Шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 29 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг бүрэн хэрэгжүүлэх, Үндэсний аудитын газар, яам болон бусад хөндлөнгийн аудитын байгууллагын хяналт, шалгалт, дотоод аудитаар өгөгдсөн зөвлөмжийн биелэлт, үүрэг даалгаврыг нэгбүрчлэн тодорхой төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ өвөлжилтийн бэлтгэлийг одооноос хангахыг чиглэл болгосон юм.

Туршилтын төслүүдийн үйл ажиллагааг яаралтай эхлэх хэрэгтэй

Аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний хавсралтад тусгасан ажилгүйдлийн түвшинг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх зорилтууд, шинээр бий болгох ажлын байрны тоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, жижиг зээл олгох арга хэмжээний хэрэгжилтэд дүгнэлт хийж, энэ оны үлдсэн хугацаанд шахаж ажиллах нь хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллага хамт олны нэн тэргүүний үүрэг бөгөөд үүний тулд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн хөтөлбөр, арга хэмжээ, үйлчилгээний хэрэгжилтийг эрчимжүүлж, иргэдийг татан оролцуулах чиглэлд анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг хэлсэн. Тэрбээр шинээр хэрэгжүүлэх “Гэрээт малчин өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл” болон “Зохион байгуулалттай ажлын байр туршилтын төсөл”-ийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгож дээрх туршилтын төслүүдэд хамрагдах хүсэлтэй иргэд, гэр бүл, малчин ажил олгогчийн судалгааг яаралтай гаргаж ХХҮЕГ-т нэгтгэх хугацаатай үүрэг өглөө. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлдэг жижиг зээлийг ХААН болон Төрийн банкаар гэрээлэн олгох шийдвэр гарч, гэрээ байгуулсан тул зээлийн үйл ажиллагааг орон нутагт сурталчилж, олгож эхлэхийг ч анхааруулсан. Орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ тухайн аймаг, дүүрэгт буй Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай нягт хамтран ажиллах нь зөв гэдгийг С.Чинзориг сайд хэлсэн үгэндээ онцолж байлаа.

Элсэлт нэмэгдүүлэх боломж бүрийг бодит ажил болго

Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын хувьд эн тэргүүнд анхаарах асуудал нь 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлт. Элсэлтийг зохион байгуулахдаа сургалтын байгууллагууд бүс орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээр баримжаалан төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлийг түлхүү барьж ажиллах, МБС-ын салбарын үнэ цэнэ үнэлэмжийг өсгөх, нийгэмд эерэг ойлголт хандлагыг бий болгох, элсэгчдийг татах, нэмэлт элсэлтийг зохион байгуулах чиглэлээр тусгай төлөвлөгөө гаргаж ажиллах нэг үгээр боломж бүрийг бодит ажил болгох шаардлагатай гэлээ.

МСҮТ болон Политехник коллежийн захирлуудад цаг үеийн асуудлаар өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах, анги танхим, сургалтын хэрэглэгдэхүүн, орчин нөхцлийн засвар үйлчилгээг төсвийн болон дотоодын нөөц бололцоогоор гүйцэтгэж, халаалтын системийн бүрэн бүтэн, доголдолгүй ажиллах нөхцөл бүрдүүлэх, сургалт явуулж буй мэргэжлийн чиглэл тус бүрээр сургалтын агуулгын залгамж, уялдааг хангаж, чанарын баталгаатай, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, харилцан нийцтэй сургалтын стандарт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрүүдийг бий болгож мөрдүүлэх, үнэлгээний шинэчилсэн орчин, шинэ арга зүйг нэвтрүүлж ажиллах зэрэг үүргийг өгч төгсөгчдийг аймаг, орон нутагт тогтвор суурьшилтай ажлын байраар хангасан аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчийг дэмжих, тэдний нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа.

Хүүхдийн мөнгө авах өрхийн судалгааг яаравчлахыг даалгав

“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2018 оны 40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхийн судалгааг есдүгээр сарын 1-ний дотор улсын хэмжээнд зохион байгуулж, тайланг ХХҮЕГ-т ирүүлж нэгтгэн, үр дүнг танилцуулахыг С.Чинзориг сайд нийгмийн халамжийн хүрээнд өгч буй үүрэг чиглэлийнхээ эхэнд онцолсон. Түүнчлэн орон нутгийн ХХҮГ-ууд өөрийн аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийслэл хотод түр хугацаагаар ирэхдээ нийтийн тээврээр зорчих санхүүжилтийн тооцоо, судалгааг гарган орон нутгийн төсөвт жил бүр тусган батлуулахад анхаарч ажиллахаас гадна тэтгэвэр тэтгэмжийн өр гаргахгүй байхад анхаарах учиртайг хэллээ. Тэрбээр мөн халамж, асрамжийн төвүүдийг аль болох улсаас санхүүждэг байх тогтолцоог бүрдүүлэх бодлого барьж буйгаа дурдаад олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулалтын ажил удаашралтай байгаа дүүргүүдэд ажлаа эрчимжүүлэх үүрэг өглөө. Мөн аймаг, орон нутагт хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэх хүнсний дэлгүүрийн сонгон шалгаруулалт, гэрээ байгуулах үйл явцад тавих хяналтыг сайжруулахыг сануулав.

Нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөг жигд биелүүлэх, нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахгүй бол улсын төсвөөс авдаг татаасын хэмжээ жил бүр өсч буйг С.Чинзориг сайд анхааруулаад ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэх ээжүүдийн ажилласан жилийг төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор нэмэгдүүлэн тооцох, малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалттай холбогдуулан ажилтан, албан хаагчийг мэдээллээр хангах, чадавхижуулах, улмаар олон нийт, иргэдэд хандсан сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг тухай бүрт шуурхай зохион байгуулах, “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам”-ын дагуу 1990-2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулахаар бүртгүүлсэн боловч шимтгэлээ төлөөгүй, дутуу төлсөн иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлүүлэхтэй холбоотой үүрэг даалгаврыг нийгмийн даатгалын байгууллагынханд өгсөн юм. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж эрэгтэй 55, эмэгтэй 50 настайд нь өндөр насны тэтгэвэр тогтоох хуулийн хэрэгжилтийг орон нутагтаа зохион байгуулж, сурталчлах, “Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөл”-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хамтран ажиллах, өндөр насны тэтгэврийн насыг жил бүр 3 сараар, шимтгэл төлсөн байх хугацааны доод хязгаарыг жил бүр 3 сараар тус тус нэмэгдүүлэх хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах шаардлагатай байгааг онцоллоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, тэнэмэл хүүхэдгүй болно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бүх байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлэх ажлыг тодорхой төлөвлөгөө гаргаж, тайланг сар бүр яамны ТЗУГ-т ирүүлж байх үүргийг хүн амын хөгжлийн чиглэлээр ажилладаг албан тушаалтнууд авлаа. Ингэснээр хөгжлийн бэрхшээлийн талаарх ажиллагчдын ойлголт, хандлага бүх түвшинд сайжрах боломжтой хэмээн үзэж буйгаа ч сайд хуваалцсан.

Хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах асуудлаар гарсан Засгийн газрын өнгөрсөн долдугаар сарын 9-ний албан даалгаврын хэрэгжилтийг хангах, улирал тутам орон нутгийн хэмжээнд хэрэгжилтийг дүгнэх, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, орон нутагтаа Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр /2017-2021/-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө баталж, шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлэхээс гадна аймаг, дүүргийн Залуучуудын хөгжлийн төвүүд Залуучуудын сарын аян зохион байгуулахтай холбоотой гарсан сайдын тушаал болон ГБХЗХГ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу ажлын төлөвлөгөө гарган ажиллахаар болсон.

Орон нутагтаа байгаа орон гэргүй, тэнэмэл амьдралтай хүүхдүүдийн судалгааг гаргаж тэднийг ирэх өвөл хэрхэн яаж дулаан өвөлжүүлэх талаар аймаг, дүүргийн удирдлагатай хамтран ажиллаж цаашдаа орон гэрээсээ дайжсан, тэнэмэл амьдралтай хүүхэдгүй болохын төлөө ажиллах ёстойг анхаарууллаа.

Эцэст нь С.Чинзориг сайд иргэдийн санал хүсэлтэд хүндэтгэлтэй хандаж, аливаа чирэгдэл үүсгэлгүйгээр асуудлыг нь шуурхай шийдэж үйлчлэхийг хүслээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.